Монгол орны хаа нэгтээ ашигт малтмал эрж хайх, олборлох үйл ажиллагаа явуулж байгаа ААН болгон ОҮИТБС-ын олон улсын стандартын дагуу аж ахуйн нэгжүүд ил тод байдлын тайлангаа гаргах үүргийг хуулиар хүлээдэг.
Уул уурхайн компаниуд ил тодын тайлангаа өгснөөр илүү олон нийтэд нээлттэй болохоос гадна өөрсдийнх нь үйл ажиллагаанд ч тус дэм болдог гэдгийг ОҮИТБС-ынхан онцолсоор байна. Тухайлбал санхүү аудитын байдал олон улсын стандартыг хангаж байгаа эсэх, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж байгаа эсэхээс эхлээд нөхөн сэргээлтийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй ил тод болгосноор байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудыг тайлагнуулах, боломжтой болно.
Цаашлаад эрчим хүч, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, хог хаягдал, химийн бодисын хэрэглээ, оператор, туслан гүйцэтгэгч, нөлөөллийн бүсийн талаарх мэдээллийг маягтад оруулснаар тухайн төслийн нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нийтэд харуулах хүртэл ач холбогдолтой.
Хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны ил тод байдлыг тайлангаа мэдүүлээгүй бол МХЕГ-ын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийн төрлөөс хамаарч 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулдаг хуулийн заалттай.

Харамсалтай нь уул уурхай компаниуд ил тодынхоо тайлангаа мэдүүлэхгүй, хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байх тохиолдол буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байна.

ОҮИТБС-ын цахим тайлагналын системд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 2,024 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 67 хувь нь 2020 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргажээ. Хэдийгээр ОҮИТБС-ын олон улсын стандарт нь Монгол Улсад 2006 оноос хойш хэрэгжиж байгаа ч сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунджаар 25-30 хувь нь тухайн оныхоо ОҮИТБС-ын тайланг огт гаргадаггүй хандлага тогтоод байна.
Тухайлбал, тайлан гаргаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо 2016 онд 535 байсан бол 2020 онд 690 болж нэмэгджээ. ОҮИТБС-ын тайлан гаргахгүй байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг байршлаар нь авч үзвэл Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь аймаг, нийслэлд хамгийн олон байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компаниудын олонх нь түгээмэл тархацтай ашигт, малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бол аймгуудад алт, жонш, нүүрсний олборлогчид зонхилж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд ч ялгаагүй дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байна.




Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!