Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж 2023 оны 2 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Худалдаа, хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгж, бизнесийн инновацын хорооны анхдугаар хуралдаанд оролцож байна. Тэрбээр уг хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн үг хэлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.
Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хатагтай Армида Салсиах Алисжахбана, Худалдааны хөрөнгө оруулалт, инновацийн хэлтсийн дарга Рупа Чанда, Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагуудын дэлхийн холбооны ерөнхийлөгч Депак Багла нартай уулзлаа.
Уулзалтаар дэлхийн дижитал эдийн засгийн хөгжил, цахим худалдааг хөгжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, технологи, инновацыг нэвтрүүлж улс оны эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аж үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан дэд бүтцийг сайжруулах, бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд нэвтрэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар ярилцав.
Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй хорооны анхдугаар хуралдаан нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг бүс нутгийн хэмжээнд амжилттай биелүүлэх, цар тахлын дараах эдийн засгийн хямралыг даван туулахад худалдаа, хөрөнгө оруулалт, инновацад түшиглэн үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэж байгаараа онцлог юм.
Сонирхуулахад, Худалдаа, хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгж, бизнесийн инновацын хорооны анхдугаар хуралдааны даргалагчаар Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр сонгогдон ажиллаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!