Нэгэн халимаг иргэн "Чингис хаан" Олон улсын нисэх буудал дээр гацаж, Монгол Улсын хилээр нэвтрэх боломжгүй байгаа талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн.

Тодруулбал, хоёрдугаар сарын 23-ны өдөр Казахстан улсаас ирсэн, ОХУ-ын иргэн Б.Баатар нь "Хүннү Эйр" компанийн Алмата-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсад ирсэн бөгөөд түүнийг хэлээр нэвтрүүлэхийг хориглож, "Чингис хаан" олон улсын нисэх буудалд дөрөв хонож буй тухайгаа олон нийтийн сүлжээнд бичсэн юм.

Гадаад харилцааны яам "ОХУ-ын иргэн хугацаа нь дууссан, хүчин төгөлдөр бус паспорттай нэвтрэхийг оролдсон. Энэ нь Хилийн баримт бичгийн зөрчил гэсэн үг. Тиймээс олон улсын гэрээ конвенцын дагуу буцаах шаардлага тавьсан. Гэвч өөрөө буцахгүй гэсэн. Ийм зөрчилтэй бол аль ч улсын, ямар ч иргэн байсан бүгдэд адилхан шаардлага тавьж ажиллана. Тиймээс асуудлыг хууль журмын дагуу л шийдвэрлэхээр ажиллаж байгаа байх" гэх тайлбарыг өгчээ.

Түүний гадаад паспортын хугацаа энэ сарын 22-ны өдөр дууссан байжээ.