Соёлын яам Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн гэх тодотголтой урлагийн 27 байгууллагад үнэлгээ дүгнэлт өгчээ. Энэ “шалгалт”-аар Дуурь бүжгийн эрдмийн театрынхан сүүл мушгисан байна. Уг нь манай улсын дуурийн дуучид дэлхийд зартай. Авьяас, ур чадвараараа олон улсад үнэлэгдэж, томоохон театруудад урилгаар дуулдаг. Зарим нь бүр дэлхийн шилдгээр нэрлэгдэж эх орныхоо нэрийг дуурсгасаар яваа. Харамсалтай нь тэдгээр дуучдыг маань “төрүүлсэн” ДБЭТ-ынхан үйл ажиллагаагаараа ийн адагт оржээ. Түүгээр ч зогсохгүй өдгөө байргүй болох эрсдэлтэй ч нүүр тулж, уран бүтээлчид нь театртаа балет, дууриа тоглож чадахгүйдээ хэмжээнд хүрэх гэж байгаа талаар уран бүтээлчид нь ярьж байна.

"Херо энтертайнмент"'- ынхан "Тамгагүй төр" жүжгийг Драмын театрт тоглох болсонтой холбогдуулан Үндэсний урлагийн их театрын зун цагийн жуулчдад зориулсан тоглолт ДБЭТ-ын байранд тоглох шийдвэр гарчээ. Уг шийдвэрийн улмаас дуурийн театрын уран бүтээлчид хугацаанаасаа өмнө улирлын тоглолтуудаа хаасан байна. Өөрөөр хэлбэл дуурийн театрынхныг байрнаас нь маш боловсон хэлбэрээр хөөчихөж. Дуурийн дуучид, балетын бүжигчид, найрал хөгжимчдийн мэргэжлийн форм алдагдах бол бүр хэнд ч хамаагүй хэрэг болсон аж.  

Дуурийн салбарыг дуучдынх нь гаргасан амжилтаар төсөөлбөл өндөр амжилттай яваа. Харин дотоодын мэргэжлийн “шалгалт”-даа муу дүн авсан, байраа "алдсан", ойгоо тэмдэглэж чадаагүй нь удирдлагын чадамжтай нь шууд холбохоос аргагүй нь. 

Тус театрыг МУГЖ Ц.Төвшинтөгс удирдаад цөөнгүй жил болж буй. Гэвч тэрбээр театраа удирдаж чадахгүй байгаа талаар уран бүтээлчид нь гомдоллох болсон.  Гэвч олон уран бүтээлчид “хоол”-ноосоо салахад ойрхон ирсэн байна. Энэхүү бодит байдлынхаа талаар театрын бүх ажилчид нь Соёлын яамандаа удаа дараа ханджээ. Гавьяатууд нь гарын үсгээ зураад өгсөн ч Соёлын яам нь өнөөдрийг хүртэл асуудлыг зохицуулаагүй, дуурийн театрыг муу удирдсан  МУГЖ Ц.Төвшинтөгст ч хариуцлага ч тооцож чадаагүй байгаа аж.  

Нэг хувь хүний студийг дэмжихийн тулд улсын гурван байгууллагын үйл ажиллагаа ийнхүү доголджээ. Тэр дундаа энэ бүгдийн эцсийн хохирогч нь ийнхүү Дуурийн театрыхан болж, хохирч байна. 

Гэрэл зургийг: Bat-erdene Sukhbaatar