#ШУУД: Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, Багшийн болон байгууллагын үнэлгээний асуудлаар БҮТ-өөс мэдээлэл хийж байна

Л.ГАНБАТ: 

- 2013 оноос эхлэн ЗГ-ын тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалт заавал авдаг байхаар тогтсон. Энэхүү шалгалтад 400 ба түүнээс дээш оноо авч байж, шалгуулагч дотоодын их дээд сургуульд элсэх боломжтой. Тухайн шалгалт нь эх хэлнийхээ боловсролын хүртээмжийг сайжруулах, дархлааг дэмжих зорилготой. 

- Багш нарын ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг 2023 оны тавдугаар сарын 15-16-ны өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна. Хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа уг үнэлгээ нь багш нарын гүйцэтгэл, хөгжил, урамшуулал, нэмэлт санхүүжилт олгох төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байна 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн болон төрийн бус 705 сургуулийн 30077 багш хамрагдана. Нийт зургаан түвшинд үнэлнэ.

- Үнэлгээг хийхдээ багш нарын ажиллаж байгаа бүс нутгаар нь харилцан адилгүй байдлаар үнэлнэ. Түүнээс гадна бүх талаас нь буюу эцэг эх, хамтран ажиллагсдаас нь асуумж авах замаар гээд үнэлгээг олон хувилбараар хийнэ.

- Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог БШУ-ны сайдын тушаалаар 2023-2024 оны хичээлийн жилийн Монгол хэл бичгийн шалгалтыг 4 дүгээр сарын 22-нд уншиж ойлгох, зөв бичих дүрэм, үндэсний бичгээр унших чадвар, зохион найруулж бичих чадвар зэрэг агуулгаар тус бүр 50 оноо бүхий А, Б хувилбараар зохион байгуулж дүн оноог гаргасан. 

- Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтын гүйцэтгэлийн улсын дундаж 35 оноо буюу 70 хувьтай байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

- Монгол хэл, бичгийн шалгалтад нийт 32533 шалгуулагч бүртгүүлснээс 30879 шалгуулагч хамрагдсан байна. Үүнээс шалгалтад 26017 шалгуулагч тэнцэж, 4862 шалгуулагч босго оноондоо хүрээгүй. Түүнчлэн улсын хэмжээнд 800 оноо авсан 36 шалгуулагч байна. Өнгөрсөн жилээс эхлэн ЭЕШ-ийг жилдээ хоёр удаа авдаг болсон. Энэ жил зургаадугаар сар болон арванхоёрдугаар сард ЭЕШ-ыг зохион байгуулах учраас Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөв болон арваннэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн.