Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор төлөвлөгдөж байсан ч дахин хойшиллоо. Улмаар шүүх хурлыг долоодугаар сарын 20-ны 09.00 цагт товлолоо. Ийнхүү Ц.Хулангийн шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж байна. 

Энэ талаар тус шүүхээс "Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар “...шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт...” шүүхэд ирүүлсэн,

Мөн шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү нар нь “...шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах...” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч “шүүгдэгч Ц.Хулан”-ийн өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв" хэмээн мэдээлжээ. 

Ц.Хуланг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан байдаг.