ЭХЭМҮТ II буюу Яармагийн 300 ортой хүүхдийн эмнэлэгт өчигдөр орой /2023.11.23/-ны 22 цагийн үед тариа хийсэн хүүхдүүдэд хариу урвал үзүүлжээ. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ЭХЭМҮТ-2 эмнэлгээс мэдээлэл хийсэн байна. 

ЭХЭМҮТ II-ийн эмчилгээ хариуцсан захирал Н.ЦЭГМИД: 

- Гурван өөр төрлийн антибиотик болох ампициллин, амоксиклав, цефтриаксон тариаг хүүхдүүдэд хийсэн. Эдгээр хүүхдүүд 4-5 хоногийн өмнө сорил тавиулж, уг тариануудыг хийлгэхэд ямар нэгэн урвал үзүүлээгүй. Өчигдөр 22:00 цагийн тарианд асуудал үүслээ.

- Найруулсан тариан дотор ямар бодис байгааг гаднаас нь хараад мэдэх боломжгүй тул шинжилгээгээр тодорхой болно. Уг тариануудыг 0.9 процентын натри хлоридоор найруулах ёстой. Тариаг хийлгэх хүний дэргэд харуулж задалдаг. Гэвч зарим үйлчлүүлэгчид сувилагч гаднаас найруулсан тариа барьж орж ирж хийсэн гэх мэдээллийг өгч байна. Уг нь стандартаар бол сувилагч тариаг хийхдээ овог, нэртэй нь тулгаад дэргэд нь задалж хийх ёстой. Тиймээс хүүхдүүдийн тандалтад үндэслээд тарианы стандарт алдсан байх магадлалтай гэж үзэж байна. Чанарын алба хурал хийгээд сувилагчид хариуцлага тооцохоор болж байна.

- Хүүхдүүдийн биеийн байдлыг насанд хүртэл нь хянахаар эцэг, эх асран хамгаалагчид нь амалж байна. Шөнө 02:00 цагт авсан шинжилгээгээр тариа хүүхдүүдийн аминд халтай байдал нь хэвийн. Тиймээс дараагийн цагийн тариаг өөрчлөөд байна. Эдгээр 17 хүүхэд нь 4 сартайгаас 12 насныхан. 

-  Тухайн тасгийн 21 дэх хүүхдэд тариа хийж байх үед түрүүчийн хүүхдэд урвалын шинж илэрсэн. Тиймээс тариа хийх явцыг зогсоосон. Уг тасагт 52 хүүхэд хэвтэж байсан гэлээ.