Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлт, хомсдолын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн долдугаар сар түүхэнд байгаагүй олон фестиваль болсон сар байлаа. Иргэд хөдөө, орон нутагт олноор зорчсоны улмаас 40 хоногийн нөөц богино хугацаанд дууссан. Үүнийг ойлгох хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Мөн ОХУ-ын нийт мужийн 90 хувь нь шатахууны хомсдолтой байгаа бөгөөд 78 мужид нэг автомашинд 30 литрээс илүү шатахуун олгохгүй хязгаарлалт үйлчилж буйг дурдав. Тэрээр “Газрын тос боловсруулах үйлдвэртэй болохгүй бол бид энэ асуудлаас салахгүй. Үйлдвэрийн хэрэгцээ, ач холбогдол өнөөдөр илүү тод харагдаж байна” гэв.

Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий нефтээр хэрхэн хангах талаар олон нийтийн дунд асуулт гардаг ч Монгол Улсад газрын тосны эрэл хайгуул хийхээр гаднын томоохон компаниуд төдийлөн сонирхдоггүйг хэллээ.

Шатахууны нийлүүлэлтийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөө шөнөөс эхлэн энэ сарын 15-ныг хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгох зохицуулалт хэрэгжинэ. Ингэхдээ нэг автомашинд нэг удаад 50 мянган төгрөгийн шатахуун олгох бөгөөд саванд шатахуун олгохгүй юм.