Өмнөговь аймагт 25 дахь жилдээ зохион байгуулагдсан тэмээний баярын хүрээнд Гурвантэс сумаас олдсон хадны зургаар үзэсгэлэн дэглэж, олон нийтийн хүртээл болгожээ. Уг түүх дурсгал, хадны сүг зургийн судалгаа баримтжуулалтыг МУИС-ийн Шинжлэх Ухааны Технологийн Улаанбаатар паркийн археологийн судалгааны баг хийж гүйцэтгэжээ.
Тус багийн гишүүн Х.Уянга “Манай баг 2016, 2018, 2021, 2023 онд Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган, Сэврэй суманд хайгуул судалгаа хийсэн. 2016, 2018 онд Булган сумын Хавцгайтын хадны зургийн баримтжуулалт, 2018 онд Сэврэй сумын Салхитын ам, Хадан уул зэрэг дурсгалт газруудад хадны зураг баримтжуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. 2021 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газар, ирвэс хамгаалах сангийн санаачилагаар Тост, тосон бумбын нуруунд археологийн хайгуул судалгаа хийж гүйцэтгэх, мөн Тост, тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай нутагт түүх соёлын дурсгалт бүртгэн баримтжуулах ажлын хүрээнд тус тос, тосон бумбын нуруунаас 2000 гаруй дурсгал бүртгэгдсэнээс 1200 гаруй нь хадны сүгийн дурсгал байсан” гэлээ.
Мөн тэрээр өнөөдрийн үзэсгэлэн дэлгэсэн хадны сүг зургийн талаар ярихдаа “Гурвантэс сумын ЗДТГ болон Өмнөговь аймгийн ЗДТГ санаачлаад Гурвантэс сумын хэмжээнд хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2023 он хавар, намар Гурвантэс сумын Баясах, Гоёот багийн нутагт археологийн болон түүх соёлыг дурсгалын нэгдсэн бүртгэл судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Гурвантэс сумын нутгаас 7000 гаруй түүх соёлын дурсгал, илэрч, олдсон. Үүнээс 5000 гаруй нь хадны зургийн дурсгал, Нийт 5600 орчим хадан дээрх 20 мянга орчин дүр, дүрслэл илэрсэн. Үүнээс сор, онцлог, түүхийн эрт цаг үе буюу чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үеэс эхлээд дундад зуун, Монголын үе хүртэлх төлөөлөл болохуйц 100 орчим зургийг үзэсгэлэнд дэглэсэн” гэлээ. Үзэсгэлэн 2-р сарын 20 хүртэл үргэлжлэх аж.
Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб








Ийм охид хөвгүүд олон байх нь бидний монголын ирээдүй гэгээлэг оюуны мундаг дархлаа тогтоноо..!!
Гайхамшигтай...одоо яаж бүрэн бүтэн хадгалах...хулгайд алдахгүй...хуурамч зургаар солихгүй..... судлах...су? ?талчилах... . мөн төдий мянган жил хагалах вэ!!!!!