Жил жилийн хавар нийслэлчүүд халиа тошин, шар усны үертэй нүүр тулдаг. Энэ жил Улаанбаатар хот шар усны үерт автах магадлал өндөр байгааг, зарим дүүргүүдэд нөхцөл байдал хүндэрсэн талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна. 

Тухайлбал өнөөдрийн байдлаар  Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 7, 41, 26 дугаар хороонд гурван байршилд халиа дошин үүсэж, эрсдэл бүхий бүсэд 70 айл өрх байгаа бол Сүхбаатар дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд хөрсний ус ихээр гарч гудамж талбай , авто зам, айл өрхийн хашаанд халиа тошин үүсч, нөхцөл байдал хүндэрчээ.

Дээрх хороодын халианд өртсөн нийт 42 айл өрх, эрсдэлтэй нөхцөлд байгаа бөгөөд мөсөөр далан байгуулан усны урсгалыг сэргээх, хаягдал мөсийг цэвэрлэн тээвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.  

Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд 15,11,29,33 дугаар хороонд нийт 11 байршилд халиа дошин үүссэн учраас 1380 м суваг татаж, 110м урттай түр мөсөн далан босгож, хариу арга хэмжээг тухай бүрт авч ажиллаж байгаа аж. 

Гэвч цаашид ч нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Халиа тошин цаг агаарын темпратурын өөрчлөлтөд улам нэмэгддэг. Өнөөдөр гэхэд л Улаанбаатар хотод өдөртөө -1-2 орчим градус хүйтэн. Говийн бүс нутгаар өмнө зүгийн дулаан агаарын нөлөөгөөр огцом дулаарч Даланзадгад хот орчимд +8+10 градуст хүрнэ.  Харин маргаашнаас буюу Бямба болон Ням гаригт ихэнх нутгаар  цас орж, Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирснээр огцом хүйтэрч хот орчимд шөнөдөө -36-38 градусын огцом хүйтрэх өдрүүд тохиох төлөвтэй байна. 

Тиймээс шар усны үер болох эрсдэл өндөр байх тул голын хамгаалалтын зурвас, инженерийн хийцлэлтэй барилга, байгууламжийн хамгаалалтын зурвас, үер ус, халиа тошин үүсдэг байршлуудад зөвшөөрөлгүй буухгүй байхыг иргэддээ анхааруулж байна.