Давж заалдах шатны шүүх Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг хэвээр үлдээлээ. 

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  ирүүлсэн.

Улмаар шүүх  эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг шүүхээс хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх өчигдөр мэдээлэл хийж, давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн. 

Тэгвэл Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.