Өмнөговь аймаг, Ханбогд сумын Жавхлант багийн нутагт зам тээврийн осол гарч, суудлын  автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр (2024.04.10) 09:39 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүрийн жолооч, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд иргэн Х-ийн жолоодож явсан “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. 

Ослын улмаас суудлын автомашины эзэмшигч Х /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Мөн суудлын автомашины зорчигч Д /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ