Чингэлтэй дүүрэгт өчигдөр ноцтой осол гарч, 16 настай хүүхэд өртөж нас барсан билээ. Уг хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг мэдээлэл өглөө.

С.БАЯРБИЛЭГ:

- Өчигдөр хоёр суудлын тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас хажуугийн явган хүний замаар явж байсан иргэн, 4-14 насны хүүхдүүд гэмтэж 16 настай нэг хүүхэд амиа алдсан. ЦЕГ-аас уг ослын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар мөрдөн ажиллах үйл ажиллагааг шуурхай үргэлжлүүлэн ажиллаж байна.

- Хоёр жолооч хоёул согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хааз, тормоз андуурч гишгэсэн эсэхийг мөрдөн шалгах явцад тодруулна.

- 2024 оны 3 дугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол бүртгэгдсэн байна. Жолоочийн хариуцлагагүй байдал хамгийн их нөлөөлдөг. Анхаарал болгоомжтой, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүйгээс осол гарч байна. Тэдгээр автомашинууд ЧД-ийн Хайлааст орчимд хойноосоо урагш уруудах чиглэлд явж байсан. Хурд хэтрүүлсэн эсэх, хэний буруу вэ гэдгийг тодруулахаар ажиллаж байна гэлээ.