Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад сүүлийн 7 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон түүнтэй холбоотой гэмт хэрэг 2016 онд 98, 2018 онд 128, 2019 онд 170, 2020 онд 181, 2021 онд 187, 2022 онд 230, 2023 онд 238 болж өссөнг танилцуулсан.
Түүнчлэн албаны эх сурвалжуудын мэдээлснээр сүүлийн 5 жилийн хугацаанд 1043 гэмт хэрэгт 1673 хүн холбогдож шалгагдсанаас 15-35 насны хүүхэд, залуучууд 91,2 хувийг эзэлж байна.
Тиймээс Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд, залуучуудад чиглэсэн ажил, арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуягтай ярилцлаа.
- Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх зорилгоор ямар, ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа вэ?
- Амрыг эрье. Цагдаагийн байгууллагаас өсвөр насны хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдний хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр Боловсролын ерөнхий газартай хамтран “Student” хэсэгчилсэн арга хэмжээг 2024 оны 3, 4 дүгээр сард зохион байгуулсан.
Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ил болон далд хэлбэрээр нийтийн цахим сүлжээгээр дамжуулан сурталчилсан агуулга бүхий контентыг олж устгах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран “Илэрц” арга хэмжээг энэ оны 4, 5 дугаар сард зохион байгуулаад байна.
- Хамтарсан арга хэмжээний хүрээнд ямар ажлууд гүйцэтгэв. Анхаарал татсан арга хэмжээнүүдийнхээ талаар сонирхуулаач?
- Өсвөр насны хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдний хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр Боловсролын ерөнхий газартай хамтран “Student” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн 28 их, дээд сургуулийн 10,147 оюутнуудад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисынхор уршиг, үр дагавар, хууль эрх зүйн хариуцлага” сэдэвт 70 удаагийн танхимын сургалт зохион байгуулсан.
Мөн сургалтад хамрагдсан оюутнуудад зөвлөмж, сэрэмжлүүлэг тарааж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх оюутнуудын ойлголт болон хэрэглээний талаар тандах зорилгоор 1000 оюутнаас 5 асуулт бүхий судалгаа авахад тэдний 0,2 хувь нь “хэрэглэж үзсэн” талаарх судалгааны үр дүн гарсан.
“Илэрц” арга хэмжээний хүрээнд олон нийтийн цахим сүлжээнд мониторинг хийхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ил болон далд хэлбэрээр сурталчилсан агуулга бүхий дуу 41, дүрс бичлэг 10, нийтлэл 8 нийт 59 зөрчилтэй мэдээллийг олж, Харилцаа холбооны зохицуулах хороонд устгуулахаар мэдээлсэн.
Түүнчлэн энэ төрлийн эм, бодисыг ил болон далд хэлбэрээр сурталчилсан нэр бүхий 6 уран бүтээлчийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор биологийн дээж авахад 3 уран бүтээлчээс илэрсэн тул зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.
- Танайхаас зохион байгуулсан ажил, арга хэмжээний хүрээнд илэрсэн бусад зөрчил бий юу? Ажил, арга хэмжээг цаашид илүү үр дүнтэй холбогоход юуг анхаарах ёстой гэж үзэж байна вэ?
- “Илэрц” арга хэмжээний хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ил болон далд хэлбэрээр сурталчилсан агуулга бүхий кино, клип, дуу, жүжиг, видео бичлэгийг иргэд, олон нийтэд түгээхгүй байх чиглэлээр 16 телевиз, 4 IPTV, 21 мэдээллийн сайтад албан мэдэгдэл хүргүүлсэн байгаа.
Эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч нар хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүүхэд, залуучуудад хэнтэй үерхэж найзалж байгааг нь анзаарч бусдын буруу нөлөөнд автахгүй байх, мэдэхгүй, танихгүй эм, зүйл биедээ хэрэглэхгүй байхыг анхааруулж, зааж, хараа хяналт тавих нь зүйтэй байна.












Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!