Тайландын Питсанюлок, Пичит хотод болж буй засмал замын дугуйн Ази тивийн АШТ-ий 23 хүртэлх насны залуучуудын ангилалд мөнгөн медаль хүртсэн Үндэсний шигшээ баг, Төв ургац дугуйн холбооны тамирчин, спортын мастер Хадбаатарын Тэмүүлэнтэй ярилцлаа.


Түүний авсан авсан медаль Монголын дугуйн спортын түүхэнд U23 насны ангиллаас хүртсэн анхны мөнгөн медаль болсон юм. Манай дугуйчдаас U23 насны ангилалд өмнө нь ОУХМ Б.Марал-Эрдэнэ 2016 онд Японы Ошимад болсон тивийн АШТ-ээс алт, ОУХМ С.Жамбалжамц 2018 онд Мьянмарын Найпидау хотод болсон тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.

-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Уралдаан хэрхэн өрнөв. Ямар тактикаар уралдах төлөвлөгөөтэй гарсан бэ?

-Өөрийнхөөрөө зоригтой уралдъя гэж бодсон. Питсанюлокоос Пичит рүү орж ирдэг хэсэг дээр урагшаа гарч, тойрог зам руу ганцаараа орж ирсэн юм. Гэхдээ ганцаараа нэг тойрог явсны дараа баригдаж, 17 хүнтэй групп болж хэсэг явсан. Ингээд хийлцээд /дугуйчид урагш зугтах, хүч гаргаж уралдааны темпийг хурдасган бусдыгаа ядраахыг ингэж хэлдэг/ явж байтал сүүлийн хоёр тойрог дээр япон, казахстан хоёр урагшаа гарсан юм.

Би тэр үед нь хойноос нь яваад очтол казах нь японоосоо нэлээд зайтай байсан байна лээ. Тэгээд би тултал ажиллаж япон дээр /Коки Камада/ очоод урагшаа тасарсан. Бариа хийх бодолтой байсан ч сүүлийн тойрогт шөрмөс татаад чадсангүй.

-Хэзээнээс дугуйн спортоор хичээллэсэн бэ. Ер нь энэ спорттой анх хэрхэн холбогдож байв?

-Би дугуйн спортоор дөрөв дэхь жилдээ хичээллэж байна. Нэлээд хожуу эхэлсэн. Манай хамаатны ах “Аттила” клуб дээр дугуй засдаг байсан юм. Тэр үед би зүгээр сонирхогчийн журмаар дугуй унадаг байсан л даа. Тэгээд ах маань нэг өдөр Я.Баатар багштай танилцуулж, “Чи манай клубт ор” гэж зөвлөсний дагуу “Аттила” клубт орж, Я.Баатар багшийн гар дээр бэлтгэл хийж эхэлсэн.

-Дөрвөн жилийн дотор Азид амжилт гаргах хэмжээнд ирсэн гэхээр хурдан сайжирчээ. Дугуйгаар хичээллэж эхэлсний дараа анхны амжилтууд хэр удаж байж гарч байв?

-17 настайдаа бэлтгэл хийж эхлээд, өсвөр насанд уралдах болсон. Эхэндээ дөрөв, гуравдугаар байр эзэлдэг байв. Харин 18 хүрээд насны ангилалдаа түрүүлдэг болсон. Дараа жилд нь залуучуудын ангилалд шилжээд ч түрүүлж байна.

-Тамирчин хүний хувьд өөртөө ямар зорилго тавьдаг вэ?

-Мэргэжлийн багт уралдах, дэлхийн аварга болохыг зорьж байна. Зорилго тавиад, түүндээ хүрэхийн тулд бага, багаар, алхам, алхмаар урагшилж явна. Өнөөдөр би Азийн аваргаас медаль авснаар тивдээ танигдаж, том багт орох боломж маань нэмэгдэж байгаа