Монгол Улсын дугуйн спортын баг тамирчид Тайланд улсын Питсанюлок, Пичит хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол улсын баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Баг тамирчдыг Чингис хаан нисэх буудалд Монголын дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, тамирчдын харъяалагддаг клубын удирдлага хамт олон, ар гэрийнхэн халуун дотноор угтаж авлаа.
“Питсанюлок, Пичит 2025” засмал замын дугуйн Ази тивийн АШТ-д:
-Монголын дугуйн спортын түүхэнд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг оролцуулсан
-Монголын дугуйн спортын түүхэнд анх удаа баг тамирчдын тивийн АШТ-ий өмнө 16 хоногийн цугларалтад хамруулж тэмцээн болох газрын цаг агаар, уур амьсгал, уралдах замтайгаа танилцах боломж бүрдүүлсэн
-Монголын дугуйн спортын түүхэнд анх удаа тивийн АШТ-д эмэгтэй өсвөрийн баг тамирчдыг оролцуулсан
-Монголын дугуйн спортын түүхэнд анх удаа эрэгтэй, эмэгтэй өсвөрийн баг тамирчдыг бүтэн багаар нь оролцуулсан
-2023 оноос эхлэн зохион байгуулагдсан холимог багийн буухиа уралдаанд анх удаа элит /насанд хүрэгчид/ болон өсвөрийн шигшээ багаа оролцуулсан юм.
Улмаар
-Элит эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд ОУХМ Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль авч, хувийн уралдаанд Азийн АШТ-ий гурван медальтай болсон /U23, багийн уралдааныг оруулбал тав дахь медаль нь/
-Спортын мастер Хадбаатарын Тэмүүлэн Ази тивийн АШТ-ий залуучуудын ангилалд Монгол Улсын анхны мөнгөн медалийг хүртсэн /Өмнө нь 2016 онд ОУХМ Б.Марал-Эрдэнэ алт, ОУХМ С.Жамбалжамц 2018 онд хүрэл медаль хүртэж байсан/
-Монголын дугуйн спортын түүхэнд анх удаа эрэгтэйчүүдийн элит, залуучуудын ангилалд нэгэн зэрэг медаль авсан
-Мастеруудын ангилалд нэг алт, долоон мөнгө, нэг хүрэл, нийт 9 /эрэгтэйчүүдийн 55-59 насанд ОУХМ Д.Шинэбаяр алт, мөнгө, 60-64 насанд ОУХМ Д.Энх-Од хоёр мөнгө, 64-69 насанд ОУХМ Г.Анхбаяр мөнгө, хүрэл, эмэгтэйчүүдийн 44-49 насанд Д.Эрдэнтуяа хоёр мөнгө, 40-44 насанд А.Оюун-Эрдэнэ мөнгөн медаль/ медаль хүртсэн зэрэг амжилт гаргалаа.
Баг тамирчдыг МДХ-ны ЕНБД Т.Төгөлдөр ахалж, дасгалжуулагчаар Э.Алтан-Очир, А.Алтансүх /залуучууд С.Түмэндэмбэрэл, өсвөр үе Г.Батсүх, М.Нямлхагва/, багийн менежерээр МДХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга А.Эрдэнэболд нар ажиллав.
Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон тэмцээний өмнө Бангкок хотод болсон Азийн дугуйн холбооны их хуралд оролцлоо. Тэрбээр хурлын үеэр Азийн дугуйн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд улсаа төлөөлөн саналаа өгч, Питсанюлок, Пичит хотод хуваагдан бэлтгэл хийж байсан тамирчдаа "эргэж", амжилт хүссэн юм.
Оны өмнө их хурлаа хийж, шинэ удирдлага, бүтэц зохион байгуулалтад шилжсэн Монголын дугуйн холбоо ийнхүү анхны том тэмцээндээ ийнхүү амжилттай оролцоод ирлээ.
Азийн АШТ-д амжилттай оролцсон баг тамирчид нутагтаа ирлээ
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!