ОХУ-ын Саратов хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын эмэгтэй циркчдийн тэмцээнд оролцсон Монголын уран бүтээлчид өндөр амжилт гаргалаа. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас агаарын үзүүлбэрээр оролцсон циркийн жүжигчин Д.Азжаргал, Б.Батчимэг нар "Мөнгөн титэм"-ийн эзэд болсон байна.

11 дэх удаагийн тус тэмцээнд 17 орны эмэгтэй уран бүтээлчид оролцсон бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын циркч Т.Буд багтжээ. Тэмцээний гранпри шагналыг ОХУ-ын баг хүртсэн бол Монгол, Америкийн циркчид мөнгө, хүрэл цомын эзэн болсон байна.

Монголын циркчдийн хувьд 2025 он гарснаас хойш олон улсын дөрвөн тэмцээнд оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эхний хагас жилээ үдэж байна.

Мөн энэ онд тохиож буй Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” арга хэмжээ дөрөвдүгээр сард амжилттай болж, 21 тоглолтыг нийт 28 мянга гаруй хүн үзжээ.