Өчигдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 2-ны 00:25 цагт, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарсан тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ.

Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах тус станцын өндөр даралтын цехийн 9 дүгээр турбины генераторын хэсэг, зүүн урд хана болон дээврийн хэсэг шатсан байна. ОБЕГ-ын алба хаагчид гурван цагийн турш ажиллаж, галыг 03:21 цагт бүрэн унтраажээ.

Харамсалтай нь уг галд албан үүргээ гүйцэтгэж байсан 47 настай эрэгтэй Д.Хангал эмнэлгийн тусламж авч амжилгүй амиа алдсан байна. Мөн хамт ажиллаж байсан 39 настай Т.Баясгалан угаартсан байдалтайгаар Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн, одоогоор эмчлүүлж буйг албаныхан мэдээллээ.

Одоогоор галын шалтгаан, хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагууд шинжилгээ, шалгалтын ажиллагаа явуулж байна.