Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа өнөөдөр 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭЕШ) зохион байгуулалт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Түүний хэлснээр, шалгалт зургадугаар сарын 18-21-ний өдрүүдэд дөрвөн өдрийн турш улс даяар амжилттай явагджээ.

Шалгалтад нийт 43,318 сурагч оролцсон бөгөөд үүнээс 21 мянга нь орон нутгаас, 22 мянга нь Улаанбаатар хотоос оролцсон байна. Элсэлтийн шалгалтыг зохион байгуулахад улс даяар 3000 гаруй багш, мэргэжилтэн ажиллажээ. Тэд шалгалтын комиссын бүрэлдэхүүнд орж, сэдэв боловсруулах, хянах, зохион байгуулах үүрэг гүйцэтгэсэн байна.

Г.Гантуяа захирал “Даалгавар задраагүй. Шалгалтын даалгавар бэлтгэх багийнхныг тусгаарлан, тагнуул, цагдаагийн хамгаалалт дор ажиллуулсан. Материалуудыг орон нутгуудад мөн тагнуулын тусламжтайгаар тараасан” хэмээн онцоллоо.

2025 оны шалгалтын онцлог нь:

  • Нийт 50 шалгалтын төв үйл ажиллагаа явуулсан;

  • 3661 сурагч дүн оноогоо дүйцүүлж оруулсан;

  • 171 сурагч 800 оноо авч, хамгийн өндөр үнэлгээ авсан нь өмнөх оны 139 сурагчтай харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

Нийгэм судлалын хичээл дээр 800 оноо авсан сурагчийн тоо 2024 онд 31 байсан бол 2025 онд 39 болж өссөн бол, математикийн хичээл дээр 800 оноо авсан сурагч 31-ээс 38 болж нэмэгджээ.

БҮТ-өөс мэдээлснээр, шалгалтын зохион байгуулалт хэвийн, аюулгүй байдал хангагдсан бөгөөд онооны хуваарилалт, тайлангуудыг албан ёсоор цахим системд байршуулж эхэлсэн байна.