Боловсролын сайд П.Наранбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-тай холбоотойгоор олон нийтийн зүгээс шүүмжлэл гарч буйтай холбогдуулан Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс тайлбар өглөө.

Тус байгууллагаас мэдээлснээр, ЭЕШ-тай холбоотой бүх материалуудыг ил тод нийтэлсэн бөгөөд иргэд чөлөөтэй үзэж танилцах боломжтой. Энэ жил 41 мянган шалгуулагч шалгалт өгсөн бөгөөд үүнтэй холбогдуулан зарим маргаан, гомдол гарчээ.

БҮТ-ийн зүгээс шүүмжлэл дагуулсан зарим даалгаврыг сурах бичгийн агуулгатай тулгаж шалгасан бөгөөд тухайлбал, хөдөлмөрийн зах зээл, тэтгэврийн талаархи асуулт нь хичээлийн номын 69-р хуудсанд тусгагдсан байсан гэв.

БҮТ нь 2014 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өмнөх дарга нь хувийн шалтгаанаар ажлаа өгч, оронд нь мэдээллийн технологийн мэргэжилтэй, "Мобиком"-д олон жил ажилласан туршлагатай Г.Гантуяа томилогдсон байна. БҮТ нь төрийн захиргааны байгууллага биш тул удирдах албан тушаалд төрийн албан хаагчийн шалгуур тавигддаггүй гэж тайлбарлав.

Шалгалтын үеэр хэрэглэгдсэн харандаа, баллуурыг жил бүрийн стандартад нийцүүлэн худалдан авсан бөгөөд шаардлага хангаагүй тохиолдолд солих нөөцтэй байсан гэж мэдэгдэв. Мөн шалгалтын үеэр гар утас авч орсон долоон тохиолдол илэрсэн бөгөөд холбогдох шалгуулагчдын оноог тэглэсэн байна.

ЭЕШ нь Бямба гарагт дууссан бөгөөд дүрмийн дагуу өргөдөл, гомдлыг хүлээн авч эхэлсэн. Түүнчлэн шалгалтын материал задарсан гэх мэдээлэл ташаа болохыг онцолж, “материал задарсан асуудал гараагүй” хэмээн БҮТ хариуцлагатайгаар мэдэгдэв.