Нийслэлийн Прокурорын газрын мэдээлснээр, 2025 оны эхний таван сарын байдлаар 208 хүн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт яллагдагчаар татагджээ.

Тэдний 79.8 хувь нь 18-35 насны, 75.9 хувь нь эрэгтэй байв. Анхан шатны шүүхээс 76 шүүгдэгчид хорих ял, 31 шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оноосон байна.

Эрүүгийн хуулиар мансууруулах бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, олж авах, бусдад өгөх зэрэг үйлдэлд 1-5 жил хүртэл хорих ял, харин худалдаалах зорилгоор үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хорих ял оноохоор заасан. Улс хооронд нэвтрүүлсэн, бүлэглэн үйлдсэн ноцтой тохиолдолд бүх насаар нь хорих хүртэл ял шийтгэнэ.

Сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх нь хүний оюун санааны тэнцвэрт байдал алдагдах, өөрийгөө болон бусдыг хохироох эрсдэлийг дагуулдаг. Энэ нь зөвхөн хувь хүний бус, гэр бүл, нийгэм, цаашлаад үндэстний эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлж байна.

Хэрэв та мансууруулах бодистой холбоотой хууль бус үйлдэл, мэдээлэлд холбогдох болвол өөрийгөө болон бусдыг хамгаалах үүднээс Цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг уриалж байна. Нийгмийн аюулгүй байдлыг хангахад иргэн бүрийн хариуцлага, хяналт, мэдээлэл чухал юм.