Сүүлийн үед улсын зарим сургуулиудад “Шинэ Монгол” сургуулийн боловсруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан, уг шийдвэр нь Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярын ашиг сонирхлын зөрчилд орж буй эсэх талаар олон нийтийн дунд эргэлзээ үүсээд байгаа юм.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр дараах тайлбарыг өглөө:

"Миний бие 2012 оноос 2020 он хүртэл “Шинэ Монгол” сургуульд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Энэ нь миний намтарт ил тод байдаг. Тэнд ажиллаж байснаараа би бахархдаг. Энэ сургуульд ажилласнаар би боловсролын салбарын хүн болсон."

Тэрээр “Шинэ Монгол” сургуулийн хөтөлбөрийг улсын сургуулиудад нэвтрүүлж буй үйл явцын талаар дараах тайлбарыг нэмж хэлсэн юм:

"Тус сургуулийн боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлэх зорилгоор нийт 120 сургууль сонгогдсоноос өнөөдрийн байдлаар 80 сургууль дээр хэрэгжээд байна. Энэ бол 2022 оноос эхэлсэн, Боловсролын ерөнхий газар санхүүжилтийг нь хариуцан хэрэгжүүлж буй менежментийн сайжруулалтын хөтөлбөр юм. Жил бүр зарлагдан, сонгон шалгаруулалтын үндсэн дээр хэрэгждэг. Үүнийг хэрэгжүүлсэн сургуулиудын 90 хувь нь үр дүнгээ өндөр үнэлж, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна."

Тэрээр зарим бодит жишээг дурдлаа:

"Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун ‘Энэ төсөлд хамрагдсанаар манайх энэ жил ЭЕШ-аа нэлээд амжилттай өглөө’ гэж өөрийн цахим хуудсанд бичсэн байсан. Хэнтий аймгийн Баянмөнх сумын сургуулиудад очиход ч сургалтын орчин, багш нарын хандлагаас өөрчлөлт шууд мэдрэгдэж байсан. Сургуулийн удирдлагын менежмент сайжрах нь багш нарын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлдөг."

Түүнчлэн хөтөлбөрийг санаачлагчдын нэг болох УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын тухайд:

"Ж.Галбадрах гишүүн 'Сургуулийн соёл төлөвших, менежмент' сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тэрээр судалгаагаараа энэ хөтөлбөрийг зөвхөн хувийн сургуулиудад бус, улсын сургуулиудад ч амжилттай хэрэгжүүлэх боломжтойг нотолж байгаа. Түүнийг гишүүн болохоос өмнө ч МАН-аас ‘энэ төслийг улс даяар хэрэгжүүлээч’ гэсэн санал тавьж байсан."

Эцэст нь, П.Наранбаяр сайд хэлэхдээ:

"Энэ хөтөлбөр нь хувь хүний ашиг сонирхолд бус, боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа ажил. Боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд улсын хэмжээнд 108 сургууль, 95 цэцэрлэг шаардлагатай гэсэн суурь судалгааг Боловсролын яам хийж өгсөн" хэмээлээ.