Франц улсын Страсбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний мэс заслын баг Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан багтай ажиллаж нийт 36 өвчтөнд нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлжээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд УГТЭ дээр зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн олон гажиг хавсарсан, гадаад улсад эмчлэгдэх зургаан хүүхдэд төгс засах, гол судас болон хавхлагын эмгэгтэй нэг насанд хүрэгчид мэс заслыг амжилттай хийжээ.

Хийгдсэн мэс заслуудад тусламж, үйлчилгээнд дараах хүнд хэлбэрийн тохиолдлууд багтжээ.

  • Зүрхний агших чадвар буурсан зүрхний дутагдал хавсарсан гол судасны өгсөх хэсгийн хүнд хэлбэрийн цүлхэн засах
  • Гол судасны хүнд хэлбэрийн төрөлхийн гажиг 
  • Фаллогийн дөрвөлсөн гажгийн дараах баруун ховдлын гарах хэсгийн болон уушгины артерийн нарийслын үед хийгдсэн давтан мэс засал

зэрэг хүнд, нарийн төвөгтэй тохиолдлуудад мэс заслын төгс эмчилгээнүүд тус тус хийгдсэн байна.

УГТЭ нь хамтын ажиллагааны хүрээнд зүрхний мэс засал, мэдрэлийн мэс заслын чиглэлд Люксембург, Франц, БНСУ, БНХАУ, АНУ, Тайван, зэрэг улсуудаас жилдээ 20 гаруй зочин профессорын багийг урьж ажиллуулан иргэдийн эх орондоо эмчлүүлэх боломжийг тасралтгүй бүрдүүлэх, эмч нарын ажлын байран дээрээ чадавхжуулах үйл ажиллагааг эрчимтэйгээр зохион байгуулан ажиллангаа суралцах ач холбогдолтой олон үр дүнгүүд гарсаар байгаа юм.