Өнөөдөр Монголын “Тамирчдын өдөр” тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор энэхүү өдрийг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн Ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Энэ жил уг баярыг 89 дэх удаагаа тэмдэглэж байна.
Тамирчдын өдрийг угтан Монголын тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд оролцож, эх орныхоо нэрийг дуурсгасан үе үеийн тамирчид төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа олон улсын тавцанд мандуулсан бахархам түүхээ дурсаж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалыг хадгалсаар ирсэн.
Энэ жилийн баярын арга хэмжээ өнөөдөр өглөө 10:00 цагт Сүхбаатарын талбайд эхэлж байна. Тус арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ч.Ундрам тэргүүтэй төрийн болон спортын байгууллагын төлөөлөл, үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, олон нийт өргөнөөр оролцож байна.
Баярын үеэр тамирчдын үзүүлэх спортын үзүүлбэр, уран бүтээлчдийн концерт, мөн “Тамирчны алдар” хүндэт дууг төв тайзнаас эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!