“Сургуулийн менежементийг сайжруулах” ажлыг хувийн байгууллага сэдэж, өөрсдийн нөөц бололцоогоор хэрэгжүүлж байснаас яг дөрвөн жилийн дараа Монгол Улсын Боловсролын яамнаас “Сургуулийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан нь 2023 он. Зарлахын өмнө сайд нь “Шинэ Монгол төв”-ийн төслийн явцтай танилцаж,  амжилт хүсээд явсан тухай мэдээлэл олон нийтэд хүрч, цалингаа голдог ч шавиа боддог багш нарын анхаарлыг татаж байсан нь үнэн.

Төрийн өмчит сургуулийн менежментийг сайжруулах төсөл 2019 оноос эхтэй бөгөөд өдгөө гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа билээ. Салбарынхан дундаа хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгжүүлэх хүсэлтэд дарагдаад буй уг төсөл улс төрийн өгөөш болсон шалтгаан нь улсын бүр тодруулбал Боловсролын яамны төсвөөс 1.2 тэрбум төгрөг зарлагдсан явдал.

Шинэхэн сайд нь өмнө нь үргэлжилж байсан төслийг дэмжиж байгаа гэх тайлбарыг өгсөн ч экс сайд нь ийм төслийн талаар үзэж харсан түүхгүй хэмээн мэлзэв. Боловсролын чансаагаараа дэлхийд дээгүүрт жагсдаг япон стандартыг Монголд нутагшуулж, төрийн улсын сургуулиудад түгээж эхэлсэн туршлагыг эрс үгүйсгэхий ард юу байв гэх хардлага эрхгүй төрнө. Басхүү боловсролын салбараа гээж орхисны горыг амсаж яваагийн хувьд төсөв төсөл нь өчүүхэн жаахан байдаг болоод л нэг сургуульд бүтэн жил хэрэгжих 10 сая төгрөг ахадаад байдаг юм болов уу ч гэж эргэлзлээ.

Үгүй аж. Л.Энх-Амгалан сайдын эхлүүлсэн ЕБС-уудыг нүхэн жорлонгоос салгах төсөл 160 тэрбумын өртөгтэй, нэг сургуулийн асуудлыг шийдэхэд 160-200 сая төгрөг гэх тоо бүхий баримт нь бэлэн байна. Асуудал нь зөв гэдэгтэй маргахгүй. Гэхдээ 160 тэрбумаар жорлонгоо сайжруулж болж байж, 1.2 тэрбумаар 100 сургуульд менежментийн өөрчлөлт хийхээр улс төржөөд, уулаа идлээ гээд  байгааг ухаарч ойлгох тэнхэл алга.