-Солонгосын хил дээрээ иргэдийг олноор нь буцаасаар байна. Энэ асуудал дээр дуугарч яваа ганц хүн нь та л байх шиг. Гадаад харилцааны сайд яг өдийд иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалаад дуугарч байх ёстой биз дээ?
-Монголчууд Өмнөд Солонгосын виза хүсээд шалтгаангүй буцаагддаг, виза авч, зочид буудлаа захиалаад очиход ч хил дээрээс ямар ч шалтгаангүйгээр буцаадаг, илт дээрэлхүү ханддаг талаар маш олон гомдол маргаан гарч байна л даа.Гэвч энэ асуудал дээр Монгол Улс дахь Өмнөд Солонгосын Элчин сайдын яам ямар ч хариу өгдөггүй. Монголчууд үндсэндээ хоосон хана мөргөж байгаа мэт хохироод үлдэж байгаа. Хохирсон иргэд цахим орчинд бичихээс илүү гарч чадахгүй байна. Миний харж байгаагаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар нар хамтран бодлогын түвшинд ажиллах бүрэн боломжтой.
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы хуралдаан дээр “Иргэдийн эрх зөрчигдөөд байна, энэ тал дээр анхаарч байна уу” гэж Б.Батцэцэг сайдаас асуухад “Иргэд өөрсдийнхөө буруугаас буцаагддаг” гэсэн тайлбар хэлсэн. Үнэхээр иргэдийн буруу гэж үү. Хууль ёсоор визээ авсан хүмүүст бурууг тохох нь хэр зохистой байр суурь юм бол доо?
-Ном журмын дагуу визээ аваад явж байгаа иргэдийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Гадаад харилцааны сайдын хувьд иргэдээ ингэж буруутгаж болохгүй. Монголчуудаас болдоггүй гэдгийг би биеэрээ мэдрээд ирсэн хүн шүү дээ. Ямар асуудал үүсдэгийг өөрийн биеэр нягталж үзэхийн тулд өөрөө хүсэлтээ өгөөд аяллын виз мэдүүлэн гуравдугаар сард очсон. Тэгж очихдоо дээрэнгүй ханддаг, чанга дуугарч, омголон аашилж байгааг нь өөрийн биеэр мэдэрсэн. Шалган нэвтрүүлэх халуун цэг дээр бус, онгоцны буудлын гарах хаалганы хэсэгт нэг ажилтан ажиллуулаад асуудал бүрэн шийдэгдэхгүй шүү дээ. Хууль зүйн яам, Засгийн газар, хууль тогтоох байгууллага, Гадаад харилцааны яам маш уялдаа холбоотой, уян хатан, бодлого тодорхойлж углуургаар нь шийдэх ёстой асуудал. Гадаад харилцааны яамны ажилтан нь гэхэд л “Буруу ташаа мэдээлэл явуулсан” гэж буруутгасан мэдээлэл гаргаж байх жишээтэй.
-Та үнэхээр буруу ташаа мэдээлэл явуулсан юм уу?
-Бидний зүгээс буруу ташаа мэдээлэл гаргасан бол намайг шалгуулчих л ёстой шүү дээ. Иргэд өөрт тохиолдсон аргагүй гарцаагүй зүйлээ баримт зурагтай нь хамт цахим орчинд нийтлэж байхад юуных нь буруу байх вэ. Бүх юм баримт нотолгоотой, хуулийн дагуу. Ээж аав, итгэмжлэх том хүнтэйгээ зорчиж байгаа бага насны хүүхдийн эрх зөрчигдсөн кейсүүдийг мэдээллүүдээ тавихад зураг, хаягийг нууцалж тавих ёстойг бид бүгд мэднэ. Гэтэл эвлүүлсэн хуурамч мэдээлэл тавьсан гэж буллид хаяж өгөх жишээтэй. Энэ бол Монгол хүний эрх зөрчигдөж байгаа, холбогдох байгууллага нь өөрсдөө ташаа мэдээлэл тараадаг, уялдаа холбоогүй, иргэдийнхээтөлөө сэтгэлгүйн нэг жишээ. Нөхцөл байдал ийм байгаа учраас би Ерөнхийлөгчид хандана. Солонгост албан бус байдлаар15 мянга орчим иргэд визийн зөрчилтэй, эх орондоо ирж чаддаггүй, эрх нь зөрчигдсөн байдалтай байна. Хорь гаруй жилийн өмнө монголчуудад тус улсаас Өршөөлийн хугацаа өгч олон зуун монголчууд нутагтаа ирэх боломжийг олгож байсан юм билээ. Энэ тал дээр тусгайлан анхаарал хандуулж өгөөч гэж Монгол Улсын Ерөнхийлөгчид тусгайлан бичиж хандах гэж байна. Ийм чухал асуудалд Гадаад харилцааны яам маань бас чин сэтгэлтэйгээр анхаарч хандаач гэж хүсмээр байна. Гадаад харилцааны яаманд гэхэд энэ оны нэгдүгээр сард хандахад гуравдугаар сард л хариу өгч байх жишээтэй.
-Таныг Солонгост очиход ямар дүр зураг угтав, монголчуудад хэрхэн хандаж байна?
-Маш хэцүү дүр зураг угтсан. Нүдэн дээр л монголчуудыг маань чирж гулдран саатуулж байсан. Намайг гэхэд паспортыг маань шалгаж, шалгаж, бүр улаан нүүр рүү тулгаж шидэж өгч байх жишээтэй. Тэнд байсан хүмүүс ч харсан. Ард байгаа зорчигчид уулга алдтал шидэлж өгөх юм билээ. Ер нь ямар ч улсын хил гаалийнхан хэнтэй ч Солонгосчууд шиг ингэж зэрлэг, бүдүүлгээр бас хүндэг бус ханддаггүй. Миний хувьд өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сараас хойш иргэдээс ирсэн гомдлыг шийдвэрлүүлэхээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би өөрөө хилээр гарахад нүдэн дээр 4,5 хүнийг имегрэшн нь саатуулаад аваад явж байх жишээтэй. Монгол хүнийг чирч гулдраад аваад явахад жишим ч үгүй зогсч байдаг хүмүүс байдаг л юм билээ. Би Солонгосын хил дээрээс хөөгдөж буй эрх нь зөрчигдсөн иргэдийн төлөө уйгагүй ажиллаж байгаа, үр дүн нь эхнээсээ гарч байна.
-Ингэхэд энэ жил хэчнээн хүн Солонгосын хил дээрээс буцаагдаад байна вэ?
-Энэ жилийн тавдугаар сарын байдлаар 500 хүн Солонгосын хил дээрээс буцаагдаад байна гэж албаны хүн олон нийтийн хэвлэл мэдээллээр мэдээлсэн. Одоо наймдугаар сард энэ тоо 700, 800 болж өссөн байгаа байх. Жилд 1000 гаруй хүн хил дээрээс буцаагддаг. Шалтгааныг нь тайлбарладаггүй. Зүгээр л гар утсыг нь булааж аваад кодыг нь хэлүүлж тайлуулаад бүх зураг, хөрөг харилцааг нь үздэг. Ажлын зарын сайт руу орсон байна, энд ирж ажиллах гэсэн байна гээд буцааж байгаа тохиолдол ч бий. Дэлхийн ямар ч улсад хүний хувийн өмчийг хууль бусаар булааж, хурааж авдаг, гар утсыг нь нэгжиж үзлэг хийдэг, хувийн мэдээлэл дээр үндэслэн бусдыг буруутгадаг, стандартын шаардлага хангахгүй саатуулах байранд олон хоногоор хорьж цагдаж байгаа нь эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр юм. Энэ байдлаараа НҮБ-ын ХЭК-т БНСУ хүний эрхийн илтгэлээ хэрхэн яаж хамгаалах юм бол доо гэж судлаачын хувьд харж байна даа.
Hohi nu uhernuudee. avilgal hulgaich buzar bulaitaigaa evlerdeg hog shaarnuudtai yag l hemjij haricaj baigaan. hohi ni