Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт шалгасан хэрэг, зөрчлийн тоон мэдээллээ танилцууллаа. Энэ хугацаанд нийт 306 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргэсэн байна.
Цахим зараар хүүхдүүдийг мөлжсөн хэрэг
Хамгийн ноцтойд тооцогдсон нь цахим орчинд насанд хүрээгүй охидыг ашиглан биеийг үнэлүүлэхээс гадна дээрэм, залилан үйлдэж байсан бүлэг этгээдийн хэрэг байв.
Мөрдөн шалгагчдын мэдээлснээр, 2024 оны зургадугаар сараас аравдугаар сар хүртэл “Санхүү авна” гэх зараар иргэдтэй холбогдож, охидыг үнэлүүлэхийн зэрэгцээ хохирогчдыг дээрэмдэж, заналхийлж байсан үйлдэл тогтоогджээ. Нэр бүхий дөрвөн этгээдэд Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйл (Бэлгийн мөлжлөг) болон бусад зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг энэ сарын 20-нд шүүхэд шилжүүлсэн байна.
Энэхүү хэрэг нь цахим орчны эрсдэлийг тод харуулж буй бөгөөд цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ интернет хэрэглээнд тавих хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.
Долоо хоногийн гэмт хэргийн дүр зураг
2025 оны наймдугаар сарын 15–22-нд бүртгэгдсэн хэргийг ангилбал:
-
Хүний амь насыг хохироосон – 2
-
Бусдын биед халдсан – 77
-
Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг – 11
-
Өмчлөх эрхийн эсрэг – 102
-
Хүрээлэн буй орчны эсрэг – 15
-
Зам, тээврийн хэрэгслийн эсрэг – 90
-
Бусад – 7
Зөрчлийн талаарх тоо баримт
Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагад 45,958 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд нийт 46,160 зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна. Үүнд:
-
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах – 2,912
-
Танхайрах – 212
-
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой – 220
-
Замын хөдөлгөөний дүрэм зөрчих – 41,885 зэрэг багтжээ.
Шүүхээс 248 иргэнд баривчлах шийтгэл оноосон бол эрхгүй, согтуугаар жолоо барьсан 195 хүний эрхийг хассан байна. Хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд нийт 17.4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!