Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Уран тогоо" гэх газарт БНСУ-ын иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Тэрээр нийгмийн сүлжээнд 90 000 дагагчтай байсан бөгөөд галт уулан дээр зураг авах явцад гэнэтийн хүчтэй салхинд тэнцвэрээ алдаж унасан байж болзошгүй хэмээн Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ талаар БНСУ-ын YTN телевизээр "Монголын Уран Тогоо галт ууланд БНСУ-ын аяллын инфлүүнсэр амиа алдав. 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Булган аймагт орших Уран Тогоо галт ууланд БНСУ-ын 20-иод настай эмэгтэй аяллын инфлүүнсер осолдож амиа алдсан талаар БНСУ-ын Гадаад хэргийн яам 9 дүгээр сарын 5-нд мэдээлэв. Талийгаач нь олон нийтийн сүлжээнд ойролцоогоор 90 мянган дагагчтай, аялал жуулчлалын чиглэлээр контент бэлтгэдэг байсан бөгөөд Монголын хойд бүс нутагт албан томилолтоор ирээд ийнхүү золгүй явдал тохиолдсон байна.

Гадаад хэргийн яамны мэдээлснээр, тухайн үед А бүсгүй галт уулын тогооны ирмэг дээр зураг авч байх үед хүчтэй салхи гэнэт шуурснаас болж тэнцвэрээ алдан унасан байх магадлалтай. Булган аймагт байрлах Уран Тогоо нь далайн түвшнээс дээш 1,680 метр өндөрт сүндэрлэдэг, тогооны диаметр нь 500–600 метр, гүн нь 50–60 метр бүхий унтарсан галт уул бөгөөд дотооддоо өвс ургамал, жижиг нууртай үзэсгэлэнт байгальтайгаараа жуулчдыг татдаг гол газруудын нэг юм. Хөвсгөл нуурын ойролцоо байрладаг тул гадаад, дотоодын аялагчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг.

Одоогоор Монголын холбогдох байгууллагууд БНСУ-ын талтай хамтран ослын нарийн нөхцөл байдлыг шалгаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ хэрэг нь Монгол болон гадаадын аяллын бүс нутагт аюултай хэсгүүдэд хяналт, хамгаалалтыг чангатгах, жуулчдад аюулгүй ажиллагааны талаар хангалттай мэдээлэл өгөх шаардлагатайг харуулж байна. Түүнчлэн сошиал сүлжээнд зориулж эрсдэлтэй газарт зураг авах үзэгдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор ижил төрлийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай"-г онцолжээ.