БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна.
Уг хяналт шалгалт нь байгаль орчинд учирч болзошгүй эрсдэл, хууль бус ашигт малтмал олборлолтын зөрчил, үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах зорилготой юм.

Хяналт шалгалтаар 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, газар, усны гэрээ хийгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэл дутуу Ашигт малтмалын тухай хуулийн 35, 38, 39 дүгээр зүйлд заасан шаардлага, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, өмнө хийсэн шалгалтаар тавьсан лац тэмдэг хөндсөн тул Ерөө суманд үйл ажиллагаа явуулсан “Хризо праза групп” ХХК, “Чамин алт” ХХК, “Экс Эн Форум” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ханжоу Жинчэн Ханжин” ХХК, “Түм их эрхэд” ХХК, Орхонтуул суманд үйл ажиллагаа явуулсан “Тал довын шонхор” ХХК, Баянгол суманд үйл ажиллагаа явуулсан “Демси трейд” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 27.5 сая төгрөгийн торгууль, 47.3 сая төгрөгийн нөхөн төлбөрийн арга хэмжээ авч, ашиглалтын болон олборлолтын үйл ажиллагааг зогсоосон.
Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Бага өлөнт” гэх газарт 3 иргэн 1 экскаватор, 1 ширхэг алт угаах төхөөрөмж ашиглан хууль бусаар олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллалаа.
Холбогдох бичиг баримт, зөвшөөрөлгүйгээр Бэрлэгийн цагаан тохой гэх газарт нэвтэрсэн 2 экскаватор, 2 ачааны машин, 1 сууцны зориулалттай чиргүүл бүхий иргэдийг албадан буцаах арга хэмжээ авч ажиллаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!