Технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцэн, туршлага солилцох үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болох “Tech Week 2025” улс даяар өрнөж байна.
Энэ жилийн TECHWEEK улс орон даяар өрнөх бөгөөд 21 аймагт технологийн хэлэлцүүлэг, сургалт, семинар зохион байгуулахаар төлөвлөжээ. Зорилго нь орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, сургуулиуд болон төрийн байгууллагуудад технологийн шинэ чиг хандлага, боломжуудыг танилцуулах явдал юм.
Techweek-2025 арга хэмжээний зохион байгуулагч Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа: Хиймэл оюун ухаан өдрөөс өдөрт хөгжиж байна. Технологийн дэвшилээс Монгол Улс хоцрох ёсгүй. Тийм учраас бид бүгд нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд "Techweek" арга хэмжээг зохион байгуулж байна. Techweek-2025 буюу технологийн долоо хоногийн хугацаанд хувь хүн, байгууллага хамтран 50 гаруй арга хэмжээг улс орон даяар явуулж байна.
Techweek-2025 арга хэмжээний зохион байгуулагч Стартап Монгол ТББ-ын ТУЗ-ийн дарга П.Пүрэвбазар: Манай компанийн хувьд гурван жил Төв Азиар явсан. Эндээс харахад ганцаараа яваад удаан амжилт олдог юм байна гэж үзсэн. Харин энэ арга хэмжээгээр бусад старт-ап компаниудтай туршлагаа хуваалцаж, асуудлаа ярилцах хэрэгтэй. Төр бодлого зохицуулалтаараа дэмжлэг болж байгаа, гэхдээ старт-апууд өөрсдөө хичээх хэрэгтэй байна.
Энэ хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь мэдээллийн технологийн хүний нөөцийн хөгжил, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, “Цахим аймаг”-ийн зорилтыг хэрэгжүүлэх болон цахим шилжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх салбарын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, харилцаа холбоо, мэдээллийн технологийн инженер, техникийн ажилтнууд, төрийн албан хаагчид, мэдээлэл зүйн багш нар оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, дэвшилтэт технологи, инновацыг нутагшуулах боломж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцлоо.
Энэ төрлийн арга хэмжээ нь дижитал хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн хүн хүчний чадварыг сайжруулахад хувь нэмэр оруулах хүлээлттэй байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэл, стартапууд цахим шийдэл ашиглан хэрхэн өсөх боломжтойг харуулах боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!