Антананариву, Мадагаскар — Ерөнхийлөгч Андри Раджоэлина төрийн эргэлт, амь насанд нь заналхийлсэн оролдлогын дараа аюулгүй байранд нуугдаж буйгаа мэдэгдлээ. Тэрээр олон нийтийн сүлжээнд хийсэн шууд дамжуулалтдаа “Цэргийн болон улс төрийн зарим бүлэглэл миний амь насыг хөнөөж, засгийн эрхийг булаахаар төлөвлөсөн” хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгчийн байршил одоогоор нууц байгаа бөгөөд өмнө нь түүнийг Францын цэргийн онгоцоор эх орноосоо зугтсан байж магадгүй гэх мэдээлэл гарсан байна.
Сүүлийн хоёр долоо хоногийн турш Мадагаскарт залуусын удирдсан эсэргүүцлийн жагсаал өрнөж, Ерөнхийлөгчийн огцрохыг шаардах дуу хоолой улам эрчимжжээ. “Gen Z Mada” хэмээх хөдөлгөөн улс даяар хүчтэй дэмжлэг авч, улс төрийн шинэчлэл, авлигын эсрэг хатуу байр суурь илэрхийлж байна.
Раджоэлина Засгийн газраа бүрэн огцруулж, зарим шинэчлэл хийснээр олон нийтийн уур бухимдлыг намжаахыг оролдсон ч эсэргүүцэл үргэлжилсээр байгаа юм. Өнгөрөгч амралтын өдрүүдэд түүнийг 2009 онд эрх мэдэлд хүрэхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн CAPSAT нэртэй армийн нэгж Ерөнхийлөгчийн эсрэг эргэлт хийж, бүх зэвсэгт хүчнийг хяналтдаа авснаа мэдэгджээ. Зарим цэргүүд нийслэл Антананариву хотын гудамжинд гарч жагсагчидтай нэгдсэн талаар гэрчүүд мэдээлсэн байна.
Нөгөө талаас сөрөг хүчний намынхан Раджоэлинаг “албан үүргээ биелүүлээгүй” хэмээн буруутгаж, ойрын өдрүүдэд түүнийг огцруулах санал өргөн барихаар төлөвлөж байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!