Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал "Чөлөөлье" санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг дэвшүүлэн ажиллаж буй. Энэ хүрээнд Боловсролын яамнаас Засгийн газрын 2026.04.22-ны өдрийн ээлжит хуралдаанд "Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" тогтоолы танилцуулж, "Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдолоос чөлөөлье" цогц арга хэмжээг батлуулжээ. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр дээрх цогц арга хэмжээний тухай буюу салбарын хэмжээнд хэрэгжүүлэх “Мэдлэгийн болон ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх үндэсний стратеги”-ийн хүрээнд хийх томоохон шинэчлэлүүдээ танилцууллаа.

Тэрбээр танилцуулгынхаа үеэр сурагчдын уншсанаа ойлгох чадвар сулрах, байгалийн ухааны хичээлийн хоцрогдол хотын хүүхдүүдийн хувьд 2.6 жилээр хэмжигдэх хэмжээнд хүрсэн нь үндэсний хэмжээний сорилт болсныг онцолж байв. 

Үнэлгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ

- Хоцрогдолтой мөртлөө анги ахиулдаг тогтолцоог халж, хүүхдийг дүнгээр бус бодит ахиц дэвшлээр нь үнэлэх бодлого баримтална. Мөн 5–6 настай хүүхдүүдэд дүн тавихгүй, харин сургуульд орох бэлтгэлийг нь оношлох тогтолцоо нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ сурагчдад зөвхөн цээжлүүлэх бус, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шүүн тунгаах, хиймэл оюун ухааныг зөв ашиглах зэрэг дээд эрэмбийн ур чадвар олгоход анхаарах аж.

Багшийн хомсдлыг бууруулна

- Төрийн зардлаар суралцсан боловч мэргэжлээрээ ажиллаагүй 2500 орчим багшийг салбарт эргүүлэн ажиллуулах арга хэмжээ авна. Багшийн дутагдалтай бүсэд ажиллах залуусын хөдөлмөрийг цэргийн албатай дүйцүүлэн тооцох, багш бус мэргэжилтэй залууст 100 хоногийн эрчимжүүлсэн сургалтаар багшлах эрх олгох зэрэг шийдвэрүүдийг хэрэгжүүлнэ.

Мөн Боловсролын зээлийн сангийн өртэй иргэд орон нутагт багшаар ажиллаж зээлээ төлөх боломж бүрдүүлэх, төрийн сургуулиас багш татсан хувийн сургуулиудаас нөхөн төлбөр нэхэмжлэх зохицуулалт хийнэ гэлээ. 

Хөтөлбөр, орчны шинэчлэл

- “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” зарчмыг баримталж, сургалтын хөтөлбөрийг багшийн ур чадвар, сургуулийн орчны шинэчлэлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Кэмбрижийн загварын багш хөгжлийн төвүүд байгуулж, 9 дүгээр сарын 1-нээс багшийн аттестатчиллыг эхлүүлэн ур чадварын үнэлгээг нарийвчлан тогтоох аж.

Дэд бүтцийн шинэ шийдэл

- Сум дундын төрөлжсөн ахлах сургууль байгуулж, 21 аймгийг Кэмбрижийн хөтөлбөртэй ахлах сургуультай болгоно. Мөн Канадын Alberta загварын зөөврийн сургуулийг туршилтаар нэвтрүүлэх, малчдын хүүхдүүдийг “Хосолсон сургалт” болон “e-Ayil” платформоор дамжуулан зайнаас суралцах боломжийг өргөжүүлэхээр болжээ.

Хөрөнгө оруулалт

- Боловсролын салбарт нийт 1.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй төслөөс 506 тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Азийн хөгжлийн банкны 330 сая ам.долларын санхүүжилтээр 42 сургууль, цэцэрлэгийг шинэчлэх аж. Мөн 5 настай хүүхдийн цэцэрлэгийн хамрагдалтыг 98 хувьд хүргэх зорилт тавьж, хүүхэд бүрийг тэгш гараанаас эхлүүлэх бодлого хэрэгжүүлэхээр юм байна.