Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Сэлбэ дэд төв”-ийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих (Багц 4.2) тендер шалгаруулалттай холбоотой хэрэгт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, “Үнэн ба Зөв” намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ш.Мөнхсайхан нарыг саатуулсан талаар албан ёсоор мэдээллээ.
АТГ-ын мэдээлснээр, “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд хэрэгжих дээрх тендерийг сонгон шалгаруулах явцад хууль зөрчсөн байж болзошгүй гэх гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Тендерт шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн хувь эзэмшлийн бүтэцтэй холбоотойгоор шалгалт эхэлсэн байна. Тус компанийн 30 хувийг Б.Сэргэлэнбаатар, 70 хувийг Ш.Мөнхсайхан эзэмшдэг талаар АТГ мэдээлэв.
Прокурорын зөвшөөрлийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр дээрх этгээдүүдийг 2026 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 48 цагийн хугацаатай баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Олон нийтийн анхаарлыг татаж буй нэг асуудал нь Б.Сэргэлэнбаатар компанийн хувьцааг эзэмшиж эхэлснээс хойш богино хугацаанд буюу нэг сарын дараа тус компани 197.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий уг тендерт шалгарсан явдал юм.
Уг хэрэг нь нийслэлийн бүтээн байгуулалтын томоохон төслийн тендерт албан тушаалтан өөрийн хамаарал бүхий компанид давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдлыг шалгаж буйгаар үргэлжилж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!