Улаанбаатар хотод автомашины зогсоол хүрэлцээгүй байгаа энэ үед Эрүүл мэндийн яамнаас тус яамны харьяа төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийслэлийн харьяа эмнэлгүүдийн зогсоолыг эмнэлгээр үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй болгохоор ажиллаж байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Эмнэлгийн зогсоолыг нээлттэй орхивол ойролцоох орон сууцны оршин суугчид машинаа тавих бөгөөд эмнэлэгт үзүүлэхээр яарч сандарсан иргэд машинаа байрлуулах зогсоолгүй болдог.

Уг асуудлыг шийдэхийн тулд цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр судалж байна. Эмнэлгийн зогсоол руу нэвтрэхдээ автомашины улсын дугаараа таниулж, цагаа бүртгүүлнэ. Гарахдаа тухайн эмнэлэгт үзүүлснийг нотлох баримтыг уншуулбал төлбөр тооцохгүй. Гэхдээ эхний 2-3 цаг үнэ төлбөргүй байх агаад тодорхой цагийн хязгаар тогтоох зохицуулалтыг ойрын үед нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэв.