УИХ-ын гишүүн Б.Батчимэг нарын 9 гишүүн санаачилж, Г.Уянгахишиг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гүйцээн боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2026.06.04/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүд дэмжин баталлаа.
Уг өөрчлөлтөөр скүүтер, мопед явган хүний замаар зорчихыг бүрэн хориглолоо
Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуучууд, иргэд түрээсийн цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, скүүтер, мопед, суррон унаж, замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдэж, зам тээврийн осолд өртөж өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд материалын хохирол учруулах, бусдын эрүүл аюулгүй орчинд зорчих эрх зөрчигдөөд байсан бөгөөд хуулиар эрх олгоогүй байхад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэр бүхий 6 хуулийн этгээдэд түрээсийн үйлчилгээ эрхэлж, хөдөлгөөнд оролцуулах, талбай ашиглах гэрээ байгуулж үйл ажиллагааг зөвшөөрсөн нь нийслэл хотод их хэмжээний бүртгэлтэй болон бүртгэлгүй скуүтер, мопедыг насанд хүрээгүй бага насны хүүхдүүд болон замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй иргэд ашиглаж байсан.
Скүүтер, мопед, сурроныг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно. Мөн 18-аас дээш насны хүн жолоодно. Түүнчлэн эцэг эхчүүдийнхээ E-Mongolia бүртгэлээр ордог байдлыг таслан зогсооно. Түүнчлэн зөвхөн ганцаараа зорчих бөгөөд хэн нэгнийг сундлан явахгүй байх зохицуулалт орсон. Эцэг эхчүүд 18 нас хүрээгүй хүүхдэд "E-Mongolia"-аар нэвтрэх эрхээ ашиглуулж мопед, скүүтэр хэрэглэсэн бол 200 мянган төгрөгөөр торгуулна. Мопед, скүүтэр, суррон унаж буй иргэд явган зорчигчийн гарцаар гарахдаа түрж гарах ёстой. Түрж гарцаар гараагүй тохиолдолд мөн торгуулийн арга хэмжээ авна. Энэ бол замын хөдөлгөөний дүрэмд заасан заалт. Хуулиар чангатгаж байгаа. Энэ бүхнийг иргэд торгууль, шийтгэл гэхээсээ илүү эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх хүчин чармайлт гэж ойлгож хүлээж аваасай гэж хүсэж байна хэмээн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц тодотголоо.18-аас доош насны хүүхэд унахыг хориглолоо
Зөвшөөрөлгүй газар орхин явбал 50 мянган төгрөгөөр торгоно.Мопед, скүүтер, сурроныг явган хүний зам дээр болон замын хөдөлгөөнд саад учруулж хаа хамаагүй газар орхиж явах байдал түгээмэл болсон. Тэгвэл энэ тохиолдолд хуулиар үйл ажиллагаа эрхлэгч компани хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл компани өөрөө зохицуулж, гэрээндээ тусгаснаар зөвшөөрөлгүй газар тавьсан үйлчлүүлэгчид хариуцлага тооцож, 50 нэгжээр буюу 50 мянган төгрөгөөр торгохоор боллоо. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ийнхүү батлагдлаа. Хуулийн төслийн хэрэгжилт энэ сарын 30-наас эхэлнэ.








Энэ хүүхэд залуучуудад замыг нь гаргаж өгөөч. Эсвэл энэ төрлийн үйл ажиллагаа явуулж бга аж ахуйн нэгжиыг зогсоох хэрэгтэй. Өсвөр насны хүүхэд автозамын хөлөлгөөнд оролцуулж болохгүй шүү!!!
Явган хүний замаар явахгүй гэхээр авто замаар автомашин шиг явна гэсэн үг баймаар ... Тэгсэн бас явган хүний гарцаар түрж гарна гээд оруулсан бололтой юм... Авто замаар явж байгаад явган хүний гарцаар гарна гэж яг юу байхуу ...