Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв –Очирыг төрийн албанд ажиллаж байсан, байгаагүй гэх маргаан багагүй хугацаанд өрнөж байна. Уг нь энэ маргалдаад эсвэл хардаад байх сэдэв огт биш. Хууль тогтоомжийг нь сөхөөд харахад л ойлгомжтой асуудал. Жишээ нь, иргэнийг төрийн албанд ажиллаж байгаа юу, байсан уу эсвэл шалгалт өгсөн эсэх зэрэг лавлагаа мэдээллийг хуульд зааснаар Төрийн албаны зөвлөл өгдөг. Лавлагааг Засгийн газраас баталсан журамд заасан байгууллагад ажиллаж байсан эсэхийг баримтлан гаргадаг байна.
Мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар Д.Пүрэв-Очир 2018–2023 онд тухайн байгууллагад тодорхой албан тушаал хашиж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаанд тооцох боломжтой гэж Төрийн албаны байгууллага нь лавлагаа өгчээ.
Засгийн газраас баталсан журамд Иргэний нисэхийн ерөнхий газар нь үе үеийн Улсын Их Хурлын баталсан 6 тогтоолоор 1999-2023 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, 2024 оноос Засгийн газрын тохируулагч агентлаг гэсэн статустай төрийн байгууллага буюу Засгийн газрын агентлаг. Харин Засгийн газрын агентлаг нь төрийн захиргааны байгууллага мөн гэж Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд, агентлагт ажиллаж байгаа байгаа албан хаагчид төрийн захиргааны албан тушаалд хамаарахаар Төрийн албаны тухай хуульд тодорхой тусгажээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэрээр Иргэний нисэхийн ерөнхий газрыг Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч болох тохируулагч агентлагаар ажиллуулж, улсын хэмжээнд төрийн бодлого хэрэгжүүлэгч байгууллага гэж тогтоосон байгаа юм. Зам тээврийн сайд нь өөрийн харьяаны агентлагийн бүтэц, стратеги хөтөлбөрийг баталсан нь төрийн байгууллага мөн гэдгийг баталчихлаа.
Хамгийн гол нь Төрийн албаны зөвлөлийн лавлагаагаар Д.Пүрэв -Очир засаг дарга болчихдог юм биш. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргаар томилуулах хүнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэр дэвшүүлэх, томилогдсоны дараа үйл ажиллагааны хөтөлбөрийг нь батлах, тайланг нь хэлэлцэж, ажилд нь үнэлгээ өгөх, асуудлыг мөн л Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийддэг.

Иргэдийн төлөөлөгчдийн олонхын саналаар Булган аймгийн засаг дарга болсон Д.Пүрэв-Очир үнэхээр муу ажиллаж байгаа гэж дүгнэж байгаа юм бол огцруулах эрх нь мөн л Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа. Өөрөөр хэлбэл, Засаг даргын ажлын үр дүн, гүйцэтгэл, хариуцлагын асуудлыг ярих бүрэн эрх нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өөрт нь байгаа гэсэн үг.
Гэтэл өнөөдрийг хүртэл тэр хүний ажлын үнэлгээ, үр дүн, хэрэгжүүлсэн бодлого, аймаг орон нутагт хийсэн ажлын талаар төдийлөн ярихгүй мөртлөө төрийн албанд ажилласан байсан уу, үгүй юү гэсэн асуудлыг л хөндөж байгаа нь ажил, гүйцэтгэлийн үнэлгээний асуудлаас илүү улс төрийн шинжтэй маргаан өрнөж байна уу? гэх хардлага төрүүлж байна.











Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!