Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэлнэ. Тус хуралд дэлхийн 196 орны зочид, төлөөлөгчид оролцохтой холбогдуулан нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор зарим зохицуулалт хийхээр болжээ.

Энэ хүрээнд Дүнжингарав худалдааны төв болон Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаагаар хаах бөгөөд иргэдийн зорчих нөхцөлийг хангах зорилгоор богино эргэлтийн автобусыг үнэ төлбөргүй үйлчилгээнд гаргана.

Үнэгүй автобусны үйлчилгээ 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас эхлэх юм.

Автобус нь 120 мянгат – Дүнжингарав худалдааны төв – Нарантуул зах чиглэлд зорчино.

Иймд дээрх худалдааны төв, зах орчмоор зорчих иргэдийг авто машины зогсоолын түр зохицуулалтыг анхаарч, нийтийн тээврийн үйлчилгээг ашиглан зорчихыг зөвлөж байна.