Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг бүрэн хангах хүрээнд 21 аймагт ажиллав. Улмаар, 2027 оны улсын төсөвт тусгах шаардлагатай байгаа хүсэлтүүдийг хүлээн авч, зарим томоохон асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллалаа. 

Энэ хүрээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, отор нүүдэл, малын эрүүл мэнд, усан хангамж, эрчим хүч, дулаан хангамж, түлш шатахууны нөөц, зам даваа, гүүрийн бэлэн байдал, гамшгаас хамгаалах хүн хүч, техник хэрэгслийн чадавх зэрэг өвөлжилтийн бэлтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг газар дээр нь шалгаж, аймаг бүрийн бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлон ажиллав.

Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэрээ аймаг, сумын удирдлагуудад тулгамдсан асуудлыг эрсдэл үүсэхээс өмнө тодорхойлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхийг үүрэг болголоо.

“ЧӨЛӨӨЛЬЕ” БОДЛОГЫГ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛД БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого нь төрийн хүнд суртал, илүүц шат дамжлага, давхардсан зохицуулалтыг бууруулж, иргэн, хувийн хэвшил, орон нутагт эрх мэдэл, боломж олгох чиглэлтэй. 

Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг хангахдаа “төр бүхнийг шийднэ” гэсэн хандлагаас татгалзаж, улсын төсөв харалгүй, орон нутгийн төсвийн эрх мэдлийг үе шаттай нэмэгдүүлж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хяналттайгаар хэрэгжүүлдэг байх зарчмыг Монгол Улсын Засгийн газар баримталж байна. Энэ хүрээнд ирэх жилээс эхлэн АМНАТ-ын 10 хувь нь орон нутагтаа үлдэж, шаардлагатай зарим хөрөнгө оруулалтын ажлаа аймгууд өөрсдийн төсвөөрөө шийддэг болох юм. 

ОРОН НУТАГТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫГ ТОЙМЛОВОЛ: 

-Өвс, тэжээл бэлтгэхэд орон нутгийн болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх

-Түлш шатахууныг урьдчилан бүрдүүлэх

-Дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангах

-Зам, даваа, гүүрийн засвар арчлалтыг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх

-Отор нүүдэл, бэлчээр ашиглалтын зохицуулалтыг орон нутаг хоорондын уялдаатай хийх

-Гамшгийн үед ашиглах техник, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх

-Төрийн байгууллага хоорондын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх

-“Чөлөөлье” бодлогын гол зарчим болох төр хувийн хэвшлийн хамтын оролцоог орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх

-Орон нутгуудыг хөгжихөд чөдөр тушаа болж буй хууль, эрх зүйн орчныг шинэчилж, санхүүгийн эрх мэдлийг шат дараатай нэмэгдүүлэх

-Гамшгийн эрсдэлийг зөвхөн хариу арга хэмжээ бус урьдчилан сэргийлэх тогтолцоонд суурилдаг байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх

- Олон жил царцанги байсан чөлөөт бүсийг хууль, эрх зүйн хүрээнд дэмжиж, бодитоор хөгжүүлэх нь орон нутгийн хөгжлийн тулгуур болох юм.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЦААСАН ТАЙЛАНГААС ИЛҮҮТЭЙ ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХ НЬ ЧУХАЛ

Улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан зарчмаар зохион байгуулж, хүн, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хүрээнд шалгалаа. 

Хяналт шалгалтын зорилго нь зөвхөн зөрчил илрүүлж, торгууль ногдуулах бус зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, дахин гарахаас урьдчилан сэргийлэх, иргэн, аж ахуйн нэгжийг стандарт, хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэв.  Цаашид Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын зүгээс 21 аймгийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эрсдэлийн түвшинд үндэслэн хяналт тавьж, бэлтгэл хангалтгүй байгаа асуудал бүрийг хугацаатай үүрэг даалгавраар шийдвэрлүүлж, хэрэгжилтийг газар дээр нь дахин шалган ажиллана.