Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болсон талаар өнөөдөр танилцууллаа.

Тус хуулийн төслийг хэрэгжүүлснээр тэтгэврийн тогтолцоог шинэчилж, олон жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэнийг илүү өндөр тэтгэвэр авах боломжтой болгох, ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг бууруулах, иргэдийн бодит хуримтлалыг дэмжих эрх зүйн орчин бүрдэх юм.

Хуулийн төсөл хэрэгжсэнээр:

  • Ажилласан жил болон тэтгэврийн хэмжээнд үндэслэн ахмад настан бүрд 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэврийг шинээр олгоно.
  • Нийт 504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
  • Өмнө болон хожим тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн шударга бус зөрүүг арилгаж, итгэлцүүрт хэрэглэх цалингийн дээд хязгаарыг шинэчилнэ. Ингэснээр 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна.
  • Нэр төдий, үр өгөөж багатай нэрийн дансны тогтолцоог шинэчилж, иргэдэд бодит мөнгөн хуримтлал үүсгэх сонголтыг бий болгоно.
  • Даатгуулагчийн тэтгэврийн мөнгөн хуримтлалд төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлнэ.
  • Илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авах зарчмыг хэрэгжүүлнэ.
  • Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажилласан тохиолдолд жил тутамд сарын тэтгэврийг 4 хувиар нэмэгдүүлнэ.
  • 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар тооцож байсныг 2 хувь болгон нэмэгдүүлнэ.
  • Тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлнө.
  • Оюутнуудын цагийн хөдөлмөр эрхлэлтийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
  • Сүүлийн таван жилд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж буй 1-5 ажилтантай ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэлээс 36 хүртэлх сарын хугацаанд чөлөөлөх зохицуулалт бий болгоно.

Ерөнхий сайд Н.Учрал “Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг, хөдөлмөрийг шударгаар үнэлдэг тогтолцоонд шилжих шинэчлэл” болохыг онцоллоо.

Ийнхүү Засгийн газраас тэтгэврийн тогтолцоог шинэчилж, ахмад настны орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийн тэтгэврийн хуримтлалыг бодитой болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийхээр зорьж байна.