Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр болж, хуралдааны дараа зарим сайд цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэх асуудлыг нэн тэргүүнд анхаарч ажиллахаа мэдэгдэв.
Тэрбээр “Энэ салбарын сайдын хувьд хамгийн түрүүнд тэтгэврийн зөрүү буюу итгэлцүүрийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал, 1980-1990 онд авч байсан 1000 төгрөгийн цалин өнөөдрийн хэдэн төгрөгтэй тэнцэх вэ, инфляцтай хэрхэн уялдах зэрэг нарийн тооцоолол бий” гэв.
Одоогийн итгэлцүүрийн тооцооллоос шалтгаалан бага тэтгэвэр авч буй 130 мянга гаруй ахмад настан байгаа бөгөөд итгэлцүүрийг шинэчилж, эдгээр иргэний авах ёстой тэтгэврийг нэмэгдүүлэхэд 350 гаруй тэрбум төгрөг шаардлагатай аж.
Энэ хүрээнд төсвийн тодотголыг 2027 оны улсын төсөвтэй хамт өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.
Мөн 2024 онд батлагдсан хуульд тусгасны дагуу 2027 онд тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа юм. Дээрх хоёр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 700 гаруй тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй энэ үед төсөвт ирэх ачааллыг хэрхэн бууруулж, шийдвэрлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!