Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Монголиа файсон энержи” компанийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багт түр байрлуулсан кемпэд иргэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэрэг гарсан.

Тодруулбал, Г.Солонго, Г.Адилбиш нарын иргэд ажилчдын байр руу зөвшөөрөлгүй нэвтэрч, ажилчдын эрх, эрх чөлөө болон эд хөрөнгөд халдан, зүй бусаар авирлаж, үйл явдлыг шууд дамжуулан цахим орчинд нийтэлсэн байна.

Уг үйлдэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлж, дээрх хоёр иргэнийг 48 цагийн хугацаатай цагдан хориод байсан юм.

Тэгвэл Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүх өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд хуралдаж, Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргажээ.

Мөн БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын нэр бүхий хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан БНХАУ-ын иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл Монгол болон Хятадад ихээхэн яригдсан талаар мэдэгдсэн байна.

Тэрбээр уг явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовниж буйгаа илэрхийлээд, цаашид Монголын хууль, хяналтын байгууллагууд тухайн үйлдэлд буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх эсэхэд анхааралтай ажиглана гэдгээ илэрхийлжээ.