Инфляцын хүлээлт нэмэгдэж, нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт өргөн хүрээнд тархах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор Монголбанк мөнгөний бодлогыг чангарууллаа.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны наймдугаар сарын 12-нд ээлжит бусаар хуралдаж, мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шийдвэр гаргав.

Тодруулбал:

  • Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэв.
  • Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 14.5 хувьд хүргэв.

Монголбанк уг шийдвэрийг инфляцыг зорилтот түвшинд буцаан тогтворжуулах, инфляцын хүлээлтийг удирдах, үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах зорилготой гэж тайлбарлалаа.

Инфляц 13 хувьд хүрчээ

Дотоодын нийлүүлэлтийн шокоос шалтгаалсан инфляц сүүлийн таван сарын турш нэмэгдэж, 2026 оны долдугаар сард улсын хэмжээнд 13 хувьд хүрсэн байна.

Нийт инфляцын:

  • 6.5 нэгж хувийг дотоодын хүнсний үнийн өсөлт,
  • 1.2 нэгж хувийг шатахууны үнийн өсөлт,
  • 0.8 нэгж хувийг төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнийн өсөлт тус тус бүрдүүлжээ.

Мөн суурь инфляц долдугаар сард өмнөх сараас 0.8 нэгж хувиар өсөж, 6.9 хувьд хүрсэн байна.

Энэ нь шатахуун, хүнс зэрэг тодорхой барааны үнийн өсөлтөөс гадна тээвэр, үйлчилгээ болон бусад барааны өртөгт дамжин нөлөөлөх эрсдэл нэмэгдсэнийг харуулж байна гэж Монголбанк үзжээ.

Шатахууны үнэ өссөн нь инфляцад нөлөөлж байна

2026 оны долдугаар сард дотоодын шатахууны үнэ нэмэгдэж, АИ-92 автобензин 250 төгрөгөөр, АИ-92 Евро автобензин 200 орчим төгрөгөөр, АИ-95 автобензин 63 төгрөгөөр тус тус өссөн байна.

Монголбанкны төсөөллөөр Ойрх Дорнодын геополитикийн зөрчилдөөн 2026 оны сүүлээс аажмаар намжиж, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ цаашид буурах хүлээлттэй байгаа аж.

Хэрэв нэмэлт нийлүүлэлтийн шок үүсэхгүй бол инфляц цаашид алгуур буурч, 2027 онд зорилтот хүрээнд орж тогтворжих төсөөлөл хэвээр байна.

Гэхдээ геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны нийлүүлэлтийн хязгаарлалт удаан үргэлжилж, дэлхийн зах зээл дээрх үнэ эрчимтэй өсвөл инфляц төсөөлснөөс өндөр гарах эрсдэлтэйг Монголбанк анхаарууллаа.

Мах, хүнсний үнийн өсөлт буурах хүлээлттэй байна

Үндэсний их баяр наадмын дараа махны нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор махны үнэ буурч эхэлжээ.

Мөн наймдугаар сараас мах болон хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, хүнсний инфляц буурч тогтворжих хүлээлттэй байгааг Монголбанк мэдээлэв.

Эдийн засгийн өсөлт 7.3 хувьтай байна

Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний таван сард 7.3 хувиар өссөн байна.

Уул уурхайн салбар болон түүнтэй холбоотой тээврийн салбарын идэвхжил эдийн засгийн өсөлтийг голлон дэмжиж байгаа бол уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлт харьцангуй нам түвшинд хадгалагджээ.

Экспортын орлого нэмэгдсэнээр төлбөрийн тэнцэл оны эхний хагаст 567 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Мөн гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч, 7.9 тэрбум ам.доллар болсон байна.

Оны эхний хагаст экспортын орлого өмнөх оны мөн үеэс 58 хувиар өссөн бөгөөд нүүрсний экспорт 51 хувь, зэсийн баяжмалын экспорт 97 хувиар тус тус нэмэгджээ.

Иргэдийн инфляцын хүлээлт нэмэгджээ

Монголбанкны зургадугаар сард хийсэн түүвэр судалгаагаар иргэдийн инфляцын хүлээлт бодит инфляцын өсөлттэй уялдан нэмэгдсэн байна.

Инфляцын хүлээлт өсөх нь өрхийн хэрэглээ, аж ахуйн нэгжийн үнэ тогтоолт, цалингийн шийдвэрт нөлөөлж, анхны нийлүүлэлтийн шокыг илүү өргөн хүрээтэй, удаан үргэлжлэх инфляц болгон хувиргах эрсдэлтэй гэж Монголбанк үзэж байна.

Иймээс бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр нь зөвхөн өнөөгийн инфляцыг бууруулах бус, цаашдын инфляцын хүлээлтийг зорилтот түвшинд тогтворжуулахад чиглэж байгаа аж.

Монголбанк цаашид гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал болон үнийн өсөлтийн дам нөлөөг анхааралтай үнэлж, шаардлагатай тохиолдолд мөнгөний бодлогын дараагийн арга хэмжээг цаг тухайд нь авахаа мэдэгдлээ.