Казахстан Улсын түүхэнд анх удаа энэ амралтын өдрөөр “Курултай” буюу парламентын гишүүдийг сонгох сонгууль боллоо. Тус улсын шинэ Үндсэн хуулийн дагуу энэхүү сонгууль болж өнгөрсөн юм. Тус сонгуульд нийт долоон намын 545 хүн нэр дэвшин 145 суудлын төлөө өрсөлдөн “Адилет” нам 71.17 хувийн саналаар ялалт байгууллаа. Мөн “Ауыл”, “Республика”, “Ак Жол”, “Үндэсний социал демократ(JSDP)” намууд авсан саналаараа парламентын босго даван орохоор болж байна.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын “Шинэ Казакстан” төрийн томоохон шинэчлэлт ийнхүү нэг алхам урагшиллаа хэмээн ажиглагчид дүгнэж байна.
Тус улс шинэ Үндсэн хуулиа баталсны дараа хоёр танхимтай парламентыг зөвхөн нэг танхимтай Курултайгаар сольж, ийнхүү хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэсний хамгийн дээд төлөөлөгчдийн байгууллага болж байна.
Курултай нь нийт орон даяар нэг сонгуулийн тойрогт нууц санал хураалтаар 145 гишүүнийг 5 жилийн хугацаатай ийнхүү сонгож байна. Тус улсын парламент нь нэг дарга, гурван орлогчтой байх бөгөөд “Үйл ажиллагаагаа хуралдаануудаар болон тус байгууллагын бие даасан байгууллага болон төлөөлөгчдийн замаар гүйцэтгэдэг. Энэ үйл ажиллагаанууд нь хууль ёсны, хамтын, нээлттэй, улс төрийн олон талт, төлөөлөгчдийн эрх тэгш байдлыг үндэслэдэг” гэж хуульчлагдсан байна.
К.Токаев 30 хоногийн дотор анхны чуулганыг зарлан хуралдуулна
Казакстаны Ерөнхийлөгч К.Токаев сонгуулийн үр дүнг зарласнаас хойш 30 хоногийн дотор анхны чуулганыг зарлан хуралдуулах юм байна.
Курултай нь Үндсэн хууль болон бусад хуулийг батлах, Ерөнхийлөгчийн татгалзсан хуулиудыг эсвэл тодорхой заалтуудыг дахин авч үзэх, дайн ба энхийн асуудлаар шийдвэр гаргах, Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлуулах, бүх нийтийн санал асуулгыг эхлүүлэх зэрэг эрхтэй байдаг.
Мөн Ерөнхийлөгчийн дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн шүүгч, Төв Сонгуулийн хороо болон Дээд аудитын газрын гишүүдийг томилох зөвшөөрлийг өгдөг. Ерөнхийлөгчийн санал болгосноор Дээд шүүхийн шүүгчдийг сонгон томилж, чөлөөлдөг ажээ. Холбогдох Байнгын хороод, Олон улсын парламент хоорондын хамтын ажиллагаа нь дүрмийн дагуу явагддаг.
А.Исетов: Шинэ сонгуулиар реформын өөрчлөлт хийж байгаа
Казакстан Улс энэхүү төрийн эрх барих парламентын шинэчлэлдээ ихээхэн ач холбогдол өгч гадаадын олон орны ажиглагчид, сэтгүүлчид, шинжээчдэд нээлттэй мэдээлэл өгч байсан юм. Тус улс нь олон улстай хиллэдэг бүс нутагтаа эдийн засгийн өндөр нөлөөлөлтэй учраас ийнхүү нээлттэй байдалдаа онцгой анхаарч байгаа гэж онцолж байлаа.
Гадаад Хэргийн дэд сайд А.Исетов олон улсын сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Одоогийн бидний хийж байгаа реформыг бүхэлд нь авч үзэхэд үүнийг Казахстан болон өргөн бүс нутагт зэрэгцэн явагдаж буй өөрчлөлтийн хүрээнд ойлгох ёстой.
Өнөөдөр олон улсын систем улам нарийвчилж, урьдчилан таамаглахад хүндрэлтэй болж байна. Газар зүйн, улс төрийн хурцадмал байдал нэмэгдэж, худалдаа, эдийн засгийн холбоо өөрчлөгдөж, хөрөнгө оруулалт, технологи болон тээврийн замын өрсөлдөөн эрчимжиж байна” хэмээн онцолж байв.
Төв Азийн орнуудын “С5+1” дээд, өндөр түвшний уулзалт болно
Монгол Казакстан хоёр улс нь олон жилийн олон талт хамтын ажиллагаатай бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн дөрөвдүгээр сард Казакстан Улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм. Энэ үеэр худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурсан байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!