Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал   (COP17)-ын үеэр  Рио Тинто, “Эрдэнэс Оюу Толгой”, “Оюу толгой” компаниуд байгаль орчныг  хамгаалах, газрын доройтлыг  бууруулах, усны нөөцийг  хамгаалах, сэргээгдэх эрчим  хүчний хэрэглээг нэмэгдүүлэх  чиглэлээр хэрэгжүүлэх  санаачилгуудаа танилцууллаа.

Энэ хүрээнд “Оюу толгой” үйлдвэр цахилгаан эрчим хүчний хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг Монгол Улсын дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангахаар зорьж байна. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтыг дэмжиж, нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, ногоон эдийн засагт шилжих үйл явцад хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компанийн санаачилсан “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг өргөжүүлж, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.

Тухайлбал, Говийн бүсэд цөлжилттэй тэмцэх зорилгоор 5,000 хүртэл га талбайд загийн ойжуулалт хийхээр төлөвлөжээ. Харин Монгол Улсын хойд болон төвийн бүсэд тус бүр ойролцоогоор 10,000 га талбайг хамарсан ой нөхөн сэргээх гурван төслийг хэрэгжүүлэх боломжийг судална.

Үүнээс гадна орон нутгийн иргэдийн тарьж ургуулсан мод, ойг урт хугацаанд хамгаалах, арчлахад чиглэсэн санхүүгийн урамшууллын тогтолцоог бий болгож, иргэдийн оролцоонд суурилсан тогтвортой ойжуулалтын загварыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Усны нөөцийн хувьд газар доорх усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ус агуулагч үе давхаргыг зориудаар арвижуулах туршилт, судалгааг дэмжихээс гадна хурын ус хуримтлуулах замаар гадаргын усны экосистемийг сэргээх боломжийг судална. Мөн Говийн бүсийн газар доорх усны нөөц, чанарын судалгааг хийхээр болжээ.

Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон эдгээр санаачилга нь Монгол Улстай тогтоосон түншлэлийг бэхжүүлж, ирээдүй хойч үед үнэ цэн бүтээх зорилгын нэг хэсэг болохыг онцолсон байна.

Харин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал нь компанийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд дотоодын сэргээгдэх эрчим хүчийг худалдан авч уурхайн үйлдвэрлэлд ашиглах хүрээнд төр, орон нутаг, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгийг онцолжээ.

Компаниудын мэдээлснээр дээрх санаачилгуудыг ойрын таван жилд хэрэгжүүлж, хэмжигдэхүйц үр дүнд хүрэхийн зэрэгцээ урт хугацаанд үргэлжлэх байгаль орчны эерэг өөрчлөлтийн суурийг бүрдүүлэхээр зорьж байна.