Боловсролын сайдын 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн сургуульд мөрдөхөөр болжээ.

Өмнөх хичээлийн жилд гурван улиралтай байсан бол шинэ зохицуулалтаар дөрвөн улиралтай болж байна. Ингэснээр нэгдүгээр улирлын хэт урт буюу 16 долоо хоногийн үргэлжлэх хугацааг өөрчилж, эцэг, эхчүүдийн санал болон суралцагчдын ачааллыг харгалзан үзжээ.

Шинэ бүтцээр нийслэлийн сурагчид өвлийн амралтын өмнө буюу 12 дугаар сарын гурав дахь долоо хоногт бие даалтын үйл ажиллагаанд шилжиж, улмаар гурван долоо хоног амарна. Үүнийг ханиад, томуугийн тархалт, хүйтрэлтийн оргил үе зэрэг нөхцөлтэй уялдуулсан байна.

Мөн Цагаан сарын долоо хоногт хот, хөдөөгийн сурагчид бие даалтын үйл ажиллагаагаар дамжуулан монголчуудын уламжлалт ёс заншил, өв соёлоо судлах боломжтой болно. Бие даалтын ажлыг сурагчдад хэт ачаалал өгөхгүй байдлаар зохион байгуулахаар тушаалын хавсралтад тусгажээ.

Хичээлийн жилд нийт хоёр удаагийн бие даалтын долоо хоног байна. Үүний нэг нь Цагаан сарын баяртай уялдах бол хоёр дахь нь нийслэлд өвлийн амралтын өмнө, орон нутагт мал төллөх үетэй уялдуулан хаврын амралтын өмнө зохион байгуулагдана.

Харин бага ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сар дуусмагц, дунд болон ахлах ангийн сурагчдын зуны амралт зургадугаар сарын хоёр дахь долоо хоногоос эхлэхээр болжээ.

Боловсролын яамны мэдээлснээр зуны амралтыг ийнхүү наашлуулснаар багш нарын ээлжийн амралтыг зуны хугацаанд багтаах боломж бүрдэх бөгөөд наймдугаар сарын дундаас багш нар ажилдаа орж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ чанартай хангах нөхцөл бүрдэнэ гэв.