2000-аад оны дунд үе. Монголын телевизийн дэлгэц, тайзнаа хошин урлагийн шинэ өнгө төрх хүчтэй орж ирсэн цаг. Харин 2010 оны орчимд энэ давалгаа оргилдоо хүрч, хошин урлаг монголчуудын өдөр тутмын үзвэрийн нэг хэсэг болсон юм. Тухайн үед “Маск”, “Шинэ үе”, “Эмоци”, “Х түц” зэрэг продакшнуудын тоглолт, телевизийн хошин нэвтрүүлгүүд үзэгчдийн анхаарлыг татаж, жүжигчдийн хэлсэн үг, бүтээсэн дүрүүд өдөр тутмын ярианы сэдэв болж байв. Танхим дүүрэн үзэгч, тасалбарын урт дараалал, баярын үеэр гардаг шинэ тоглолтууд гээд хошин урлаг өөрийн гэсэн том зах зээлтэй болж чадсан үе. Гэвч өнөөдөр тэр үеийн дүр зураг өөрчлөгджээ.
Амбий, Бооёо, Аглуу тэргүүтэй хүмүүс энэ салбарын хөгжлийг дахин нэг шатаар ахиулсан гэхэд хилсдэхгүй. Араас нь М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан гээд жүжигчид хамтдаа цойлж ийнхүү олон продакшнууд шинээр байгуулагдаж эхэлсэн.
Харин өдгөө цаг үеэ даган өөрчлөгдөж, нэгэн цагт үүргээ биелүүлсэн хошин урлагийн салбар зогсонги байдалд оржээ. Үзэгчид өөр зүйл сонирхож, шинэ залуу үеийнхэн өөр урсгал нэвтрүүлж эхэлснээр зах зээл нь хумигдаж эхэлсэн биз ээ. Тухайлбал, энэ цаг үед “Маск продакшн” 20 жилийн ой дээрээ хөшгөө хааж, тарж буйгаа зарласан нь үзэгчдэд хөнгөн гуниг төрүүлээд байна. Тэд ямар ч шалтгаантай тарсан бай, М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан, Ц.Ганзориг, А.Гэрэлцэцэг, Ш.Жавхаа тэргүүтэй жүжигчдийн олон сайхан хошин дүр, арвин уран бүтээл үзэгчдийн сэтгэлд тодхон үлдсэн буй за.
20 жил инээлгэсэн тайз энэ удаа нулимстайгаар хөшгөө хаав. “Маск” продакшн 20 жилийнхээ ойг үзэгчидтэйгээ хамт тэмдэглээд, уран бүтээлийн замналаа өндөрлүүлж буйгаа зарласан юм. Энэ бол зөвхөн нэг продакшны тоглолт дуусаж байгаа тухай мэдээ биш. Харин Монголын хошин урлагийн нэгэн үеийн төлөөлөл тайзнаас бууж буйг илтгэх бэлгэдлийн шинжтэй үйл явдал байлаа. Тэдний хувьд энэ үдэш тайзан дээр инээд, алга ташилтаар дүүрэн байсан ч цаана нь 20 жилийн дурсамж, хамтдаа туулсан он жилүүд, тайзны ард үлдсэн олон мянган мөч байв.


Олон жилийн турш нэг тайзнаа мөр зэрэгцэн зогссон нөхрийнхөө тухай ярихдаа жүжигчдийн хоолой зангирч, инээдээр дүүрэн байсан танхим хэсэгхэн зуур нам гүмд автав. Тэгээд төгсгөлд нь Монгол Улсын гавьяат жүжигчин Эрдэнэзаан “Ингээд дууслаа…” хэмээн хэлсэн нь 20 жилийн түүхийн нэгэн бүлгийг хаасан үг болсон юм. Гэхдээ эндээс нэг асуулт үлдэнэ. Монголын хошин урлагийн продакшнууд яагаад нэг нэгээрээ тайзнаас бууж байна вэ?
Үүнийг зөвхөн уран бүтээлчдийн нас, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбон тайлбарлахад учир дутагдалтай. Үзэгчдийн сонирхол өөрчлөгдөж, цахим орчин хүчтэй болж, инээдмийн контент бүтээх хэлбэр хүртэл шинэчлэгдсэн нь хошин урлагийн салбарт томоохон өөрчлөлт авчирч байна.


Нөгөө талд нь хошин урлагийн бүтээлүүдийн сэдэв, дүр, хошигнол давтагдах болсон гэх шүүмжлэл ч үзэгчдийн дунд бий. Нийгэм өөрчлөгдөж байхад тайзны хошигнол өмнөх үеийн хэв маягаараа үлдвэл үзэгчдэд хүрэх нөлөө нь буурах нь аргагүй. Тиймээс “мухардал” гэдэг үгийг зөвхөн продакшнууд тарж, тоглолт хийхээ больсноор хэмжихээс илүүтэй шинэ санаа, шинэ хэлбэр, шинэ үзэгчтэйгээ хэрхэн холбогдох вэ гэдэг асуудлаар авч үзэх шаардлагатай.
Магадгүй өнөөдрийн хошин урлагт төгсгөл бус, шинэчлэл хэрэгтэй байгаа ч байж болох юм. “Маск” продакшны 20 жилийн түүх ийнхүү өндөрлөсөн ч тэдний бүтээсэн дүрүүд, хэлсэн үгс, тайзан дээрх инээд олон үзэгчийн дурсамжид үлдэнэ. Харин одоо хошин урлагийн тайз шинэ үеийн уран бүтээлчдээс “Юуг шинээр хэлэх вэ?” гэдэг асуултын хариуг хүлээж байна. Дараагийн бүлгийг хэн, ямар өнгөөр бичих вэ гэдэг нь өнөөдрийн уран бүтээлчдийн өмнө үлдсэн том асуулт болж байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!