ХДХВ/ДОХ-ын тухай ярихад халдвараас гадна хүний эрх, нууцлал, ялгаварлан гадуурхалтын асуудлыг хөндөх нь яагаад чухал вэ? Нэг хүний эрүүл мэндийн талаарх нууц мэдээлэл хэдхэн минутын дотор олон нийтэд тархах боломжтой болсон цаг үед бид ХДХВ/ДОХ-ын талаар зөвхөн халдвараас хэрхэн сэргийлэх тухай ярих нь хангалтгүй.

Хэн нэгэн “ХДХВ-ийн халдвартай” гэдгийг мэдсэн хүн түүнийг бусдад хэлэх эрхтэй юу? Монгол Улсын хууль тогтоомжид энэ асуултын хариулт тодорхой бий. Хүний ХДХВ-ийн халдвартай эсэх талаарх мэдээлэл бол хамгаалагдах ёстой эрүүл мэндийн мэдээлэл. Юуны өмнө нэр томьёоны нэг чухал ялгааг ойлгох хэрэгтэй.

ХДХВ буюу хүний дархлал хомсдолын вирус нь хүний дархлааны тогтолцоог гэмтээдэг вирус. Харин ДОХ буюу дархлалын олдмол хомсдол нь ХДХВ-ийн халдварын эмчилгээ хийгдээгүй, даамжирсан үед үүсч болох эмнэлзүйн үе шат юм. UNAIDS-ийн 2024 оны тооцоогоор дэлхийд 40.8 сая хүн ХДХВ-тэй амьдарч, 1.3 сая хүн шинээр халдвар авч, 630 мянган хүн ДОХ-той холбоотой өвчний улмаас нас баржээ. Үүний зэрэгцээ 31.6 сая хүн ретровирусийн эсрэг эмчилгээ авч байсан байна. 

Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Эрүүл мэндийн үзүүлэлт 2024” тайланд дурдсанаар 2024 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 388 тохиолдол бүртгэгдсэнээс 19 нь тухайн онд шинээр бүртгэгдсэн, нийт бүртгэгдсэн тохиолдлоос 51 хүн нас барсан байна. Тайланд бүртгэгдсэн тохиолдлуудын халдвар дамжсан замын талаар мөн мэдээлсэн бөгөөд бүртгэгдсэн тохиолдлуудын 85.1 хувь нь эрэгтэй, 14.7 хувь нь эмэгтэй байжээ. 

Харин Монголын бэлгийн эрүүл мэндийн өргөн хүрээний нөхцөл байдлыг харвал асуудал зөвхөн ХДХВ-ээр хязгаарлагдахгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2024 оны тайланд бэлгийн замаар дамжих халдвар нийт халдварт өвчний 32.6 хувийг эзэлсэн байна. Мөн сүүлийн арван жилийн дунджаар БЗДХ нийт халдварт өвчний 37.8 хувийг эзэлж байсныг тайланд дурджээ. Гэхдээ энд хоёр өөр статистикийг хольж болохгүй. БЗДХ-ын тоо бол ХДХВ-ийн тоо биш. 

Монгол Улсад энэ асуудлыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тодорхой зохицуулдаг. Тус хуулийн 4.1.12-т эрүүл мэндийн мэдээлэл болон бэлгийн харьцааны талаарх мэдээллийг “хүний эмзэг мэдээлэл”-д хамааруулсан байдаг. Хуулийн 9.1-д эрүүл мэнд зэрэг эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна гэж заасан. Мөн 9.2-т хуульд заасан тусгай үндэслэлээс бусад тохиолдолд хүний эмзэг мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглосон байна. 

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем Энэ нь ХДХВ-ийн халдвартай эсэх, шинжилгээний хариу, эмчилгээ авч байгаа эсэх зэрэг тухайн хүнийг эрүүл мэндийн байдлаар нь тодорхойлох мэдээлэл хамгаалалтад хамаарна гэсэн үг. Түүнчлэн мэдээллийг анх зөвшөөрсөн зорилгоос өөр зорилгоор боловсруулах, ашиглах тохиолдолд дахин зөвшөөрөл авах, мэдээллийг бусдад дамжуулахад хуульд заасан шаардлага тавьдаг. 

“Тэр хүн ХДХВ-ийн халдвартай” гэж нэр, зураг, ажил, гэрийн хаяг зэрэг таних боломжтой мэдээлэлтэй нь хамт нийтлэх бол тухайн хүний хувийн болон эмзэг мэдээллийн хамгаалалттай холбогдох асуудал үүснэ. Монгол Улс ХДХВ/ДОХ-ын асуудлыг тусгай хуулиар зохицуулдаг. “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай” хууль-ийн 11 дүгээр зүйл нь ХДХВ-ийн халдвартай болон ДОХ-той хүний эрхийг хамгаалахтай холбоотой. Уг хуульд ХДХВ-ийн халдвартай буюу ДОХ-той хүнийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг хориглож, тухайн хүний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахыг хориглосон зохицуулалт бий.

Өнөөдөр мэдээлэл тараах хамгийн хурдан суваг бол сошиал орчин. Нэг хүний шинжилгээний хариуны зураг, чатны бичлэг, фэйсбүүк пост, групп дэх “тэр хүн ХДХВ-тэй” гэх өгүүлбэр хэдхэн минутын дотор олон хүнд хүрч болно. Харин устгасан ч мэдээлэл бүрэн алга болох баталгаа байхгүй. Ингэж тарсан мэдээллийн цаана тухайн хүний ажил, гэр бүл, харилцаа, сэтгэл зүй, нийгмийн харилцаанд үүсэх бодит үр дагавар байж болно. 

Тиймээс ХДХВ-ийн халдвартай хүний тухай мэдээллийг хамгаалах нь зөвхөн “нууц хадгалах” тухай асуудал биш. Хүнийг нийгмийн шошгоноос хамгаалах тухай асуудал. Учир нь халдварын эсрэг тэмцэл шинжлэх ухаанаар үргэлжилдэг бол ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэл хүн бүрийн хандлагаар үргэлжилдэг. ХДХВ-ийн халдвараас хамгаалах нь эрүүл мэндийн асуудал. Харин ХДХВ-тэй хүний мэдээллийг хамгаалах нь хүний эрхийн асуудал.