Дархлааг нэг өдөрт “сайжруулах” ид шидийн хүнс гэж байхгүй. Харин өдөр бүр олон төрлийн, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжих хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. 

Хүний дархлааны тогтолцоо нь халдвар үүсгэгч бичил биетнээс бие махбодыг хамгаалах нарийн зохицуулалттай систем. Энэ тогтолцооны эсүүд хэвийн ажиллахын тулд уураг, амин дэм, эрдэс бодис зэрэг олон төрлийн шим тэжээл шаарддаг. Тиймээс дархлааг дэмжих тухай ярихдаа зөвхөн нэг төрлийн хүнс, витаминд анхаарахаас илүүтэйгээр нийт хооллолтын чанар, олон төрөл зүйлийг авч үзэх нь чухал. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) эрүүл хооллолтын үндэс нь хангалттай, тэнцвэртэй байх, зохистой хэмжээг баримтлах, олон төрөлтэй байх гэсэн дөрвөн зарчимд тулгуурладаг гэж зөвлөж байна. Мөн жимс, хүнсний ногоо, бүхэл үр, буурцагт ургамал, самар, үр, өөх тос багатай уургийн эх үүсвэр зэрэг шим тэжээл ихтэй хүнсийг түлхүү хэрэглэхийг зөвлөдөг. 

 Дархлааны хэвийн үйл ажиллагаанд витамин C, D, цайр, селен, төмөр зэрэг бичил тэжээл болон уураг зэрэг олон шим тэжээл оролцдог. Гэхдээ эдгээрээс аль нэгийг нь дангаар нь их хэмжээгээр хэрэглэх нь дархлааг шууд “хүчтэй” болгоно гэсэн үг биш. Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн "Nutrition Source"-ийн мэдээлснээр дархлааны тогтолцоо нь олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд нэг хүнс эсвэл нэг төрлийн шим тэжээл онцгой хамгаалалт үзүүлдэг гэж үзэхэд хангалттай нотолгоо байхгүй. 

Харин төрөл бүрийн шим тэжээл агуулсан тэнцвэртэй хооллолт нь дархлааны эсүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэгтэй. Жимс, хүнсний ногоо нь витамин, эрдэс бодис, эслэг болон төрөл бүрийн ургамлын нэгдлүүдийн чухал эх үүсвэр юм. 

Жишээлбэл: цитрус төрлийн жимс, чинжүү зэрэг нь витамин C-ийн эх үүсвэр, лууван, хулуу, навчит ногоо нь каротиноид зэрэг нэгдлээр баялаг, бууцай зэрэг навчит ногоо нь фолат болон бусад бичил тэжээл агуулдаг; төрөл бүрийн жимс, хүнсний ногоо нь эслэг болон ургамлын олон төрлийн нэгдлээр хангана. 

Гэхдээ витамин C ихтэй нэг хүнсийг онцлон идэхээс илүү өдөр тутмын хоолны бүтцэд олон төрлийн жимс, хүнсний ногоог тогтмол оруулах нь гол санаа юм. Дархлааны эс, уураг болон биеийн олон чухал бүтцийн хэвийн үйл ажиллагаанд уураг шаардлагатай. Тиймээс хооллолтод уургийн зохистой эх үүсвэрийг оруулах нь чухал. Өндөг, загас, шувууны мах, сүү, тараг зэрэг амьтны гаралтай хүнсээс гадна шош, вандуй, сэвэг зарам, самар, үр зэрэг ургамлын гаралтай хүнсийг хэрэглэж болно. 

Дархлааны тогтолцооны үйл ажиллагаа гэдэстэй мөн холбоотой. Гэдэсний бичил биетний олон янз байдал, хооллолтын хооронд харилцан хамаарал бий. Эслэгээр баялаг жимс, хүнсний ногоо, буурцагт ургамал, бүхэл үрийн бүтээгдэхүүн нь гэдэсний ашигтай бичил биетнүүдийн тэжээл болох бодисоор хангадаг. Харвардын мэдээллээр ургамлын гаралтай эслэг ихтэй хооллолт нь гэдэсний бичил биетний эрүүл орчныг дэмжихэд тустай бөгөөд эдгээр бичил биетнүүдийн үүсгэдэг зарим бодис дархлааны үйл ажиллагаатай холбоотой байдаг. Иймээс өдөр тутмын хоолондоо овъёос, бүхэл үр, шош, вандуй, төрөл бүрийн ногоо, жимсийг тогтмол оруулах нь зөвхөн гэдэсний эрүүл мэнд төдийгүй нийт хооллолтын чанарт ач холбогдолтой. Эрүүл хооллолт гэдэг зөвхөн “юу идэх вэ?” гэсэн асуултаар хязгаарлагдахгүй. “Юуг бага хэрэглэх вэ?” гэдэг нь мөн чухал. ДЭМБ өндөр боловсруулалттай, сахар, давс болон эрүүл бус өөх тос ихтэй хүнсний хэрэглээг хязгаарлахыг зөвлөж байна. 

Дархлааг дэмжих хооллолтыг заавал үнэтэй, тусгай бүтээгдэхүүнээр бүрдүүлэх шаардлагагүй. Харин өдөр тутмын хоолны сонголтоо төрөлжүүлэх нь хамгийн бодит алхам. Энгийнээр хэлбэл: өдөр бүр төрөл бүрийн жимс, хүнсний ногоо хэрэглэх; бүхэл үр, овъёос, гурвалжин будаа зэрэг эслэг ихтэй бүтээгдэхүүнийг сонгох; 

Шош, вандуй зэрэг буурцагт ургамлыг хоолондоо оруулах;

Өндөг, загас, мах, сүү цагаан идээ болон ургамлын гаралтай эх үүсвэрээс зохистой хэмжээний уураг авах; 

Самар, үр зэрэг шим тэжээлтэй хүнсийг тохирох хэмжээгээр хэрэглэх; ус хангалттай уух; 

Сахар, давс болон өндөр боловсруулалттай хүнсний хэрэглээг хязгаарлах. 

10-аас дээш насныхан өдөрт дор хаяж 400 грамм жимс, хүнсний ногоо, мөн байгалийн гаралтай хүнснээс дор хаяж 25 грамм эслэг авахыг зөвлөдөг. Эцэст нь нэг зүйлийг онцлох нь зүйтэй. Дархлааны хэвийн үйл ажиллагааг зөвхөн хоол хүнсээр тодорхойлохгүй. Нойр, тогтмол хөдөлгөөн, стрессийн зохицуулалт, тамхинаас татгалзах зэрэг амьдралын хэв маягийн бусад хүчин зүйл мөн чухал. 

Тиймээс “дархлаагаа нэг бүтээгдэхүүнээр хүчтэй болгоно” гэсэн ойлголтоос илүүтэй олон төрлийн, тэнцвэртэй хооллолтыг өдөр бүр хэвшил болгох нь шинжлэх ухааны үндэслэлтэй хандлага юм. Дархлааны тогтолцоо биднийг өдөр бүр хамгаалж байдаг. Харин бидний зүгээс хийх хамгийн энгийн дэмжлэг нь үнэтэй “дархлаа дэмжигч” бүтээгдэхүүн хайхаас өмнө өдөр тутмын хоолныхоо чанар, төрөл зүйлийг анхаарах явдал юм. 

Эх сурвалж:  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага — Healthy diet Harvard

T.H. Chan School of Public Health — Nutrition and Immunity