2024 онд Дүнжингарав худалдааны төвийн орчимд гарсан газын дэлбэрэлттэй холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.

Уг хэрэгт “Дашваанжил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав болон тус компанийн жолооч Ч.Ренчиндорж нар холбогдсон. Гэвч Н.Баатаржав таалал төгссөнтэй холбоотойгоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, жолооч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн аж.

Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч прокурорын саналыг буцааж, хэргийн нөхцөл байдлыг тогтоосон шинжилгээний дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлт гаргав.

Өмгөөлөгчийн зүгээс прокурорын дүгнэлтэд дурдсанчлан газ алдагдсан үед 100 болон 200 метрийн зайд анхааруулах тэмдэг байрлуулаагүй гэх нөхцөл байдал бодит байдалтай нийцэхгүй гэж үзжээ.

Мөн гал гарсан шалтгаан нь жолоочийн буруутай үйлдлээс болсон эсэх, эсвэл гаднын нөлөө байсан эсэхийг бүрэн тогтоогоогүй байхад Ч.Ренчиндоржид холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх нь учир дутагдалтай гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлав.

Тиймээс хэргийн нөхцөл байдал, галын шалтгаан болон бусад холбогдох асуудлыг дахин шинжлүүлж, шинжилгээний багийг томилон дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн байр суурийг өмгөөлөгч илэрхийлсэн байна.