Ханбогдын хүүхэд, залуус сурч, хөгжих, чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг нэмэгдүүлэх “Боловсрол хөгжлийн төв”-ийн шавыг 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
Тус төв нь сургалтын болон лабораторийн танхим, урлан, өдөр өнжүүлэх хэсэг, нийтийн номын сан, дундын оффис, хоолны танхим, тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийн өрөөтэй байх бөгөөд төвийн үүд хаалга хүүхэд бүрд нээлттэй байх болно. Барилга болон гадна зам талбай, тохижилтыг хүүхдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй байх зарчмаар цогцоор нь төлөвлөсөн.
Нийт 1,587 м² талбайтай, хоёр давхар, төмөр бетон хийцтэй тус төв нь нэг ээлжид 350 хүртэлх хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд төвийн зураг төсөл болон барилга угсралтын ажлыг “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” санхүүжүүлж байгаа бөгөөд, барилгын газрыг Ханбогд сумын Засаг даргын Тамгын газраас олгосон байна.
Шав тавих ёслолын үеэр Ханбогд сумын засаг дарга М.Цэвээнравдан, “Ханбогдод хийгдэж буй бүтээн байгуулалтууд зөвхөн барилга байшингаар хязгаарлагдахгүй, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбаруудыг дэмжиж байгаагаараа онцлогтой. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” болон “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” сумын хөгжилд тогтмол дэмжлэг үзүүлж байна. Хүүхдүүдээ хөгжүүлэх хэрэгцээнд үндэслэн сумаас гаргасан санаачилга түншлэлийн хороогоор дэмжигдэж, “Боловсрол хөгжлийн төв”-ийн бүтээн байгуулалт эхэлж байна. Дэмжиж, хамтран ажиллаж буй байгууллагууд, түншлэгчдэдээ талархал илэрхийлье.” хэмээлээ.

Өмнөговь аймгийн Боловсролын газрын дарга Д.Энхжаргал, “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжсэн, улсын хэмжээнд жишиг болохуйц цогцолбор бий болох гэж байгаад баяртай байна. Энэ төвд хүүхдүүд маань хөгжиж, Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.” хэмээн онцоллоо.
Рио Тинто Зэсийн группийн Монгол дахь Ерөнхий захирал Б.Дуламсүрэн “Бидний эхлүүлж буй энэхүү бүтээн байгуулалт Ханбогдын дараагийн үеийнхэнд зориулсан чухал хөрөнгө оруулалт юм. Энэ төвийн хаалгаар ирээдүйн инженерүүд, эмч, багш нар, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, Оюу толгойн ирээдүйн захирал ч мөрөөдлөө эхлүүлэхээр алхаж орж ирнэ. Хүүхэд бүр авьяас, сонирхол, чадвараа нээн хөгжүүлж, ирээдүйгээ өөрсдөө бүтээхэд нь дэмжлэг үзүүлэх орчин болно.” хэмээлээ.

“Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-ийн Гүйцэтгэх захирал М.Халиун тус сангийн зорилго бол Ханбогдыг хүүхдүүдээ өсгөж, сургаж боловсруулан, гэр бүлээрээ амьдрахад таатай, хүн бүр сурч, хөгжих боломжтой хот суурин болгон хөгжүүлэх юм. Оюу толгой, Рио Тинто энэ зорилгын хүрээнд зам, дэд бүтэц, спорт, боловсрол, хот төлөвлөлтийн олон ажлыг хэрэгжүүлж ирсэн. Эдгээрийг бодит ажил хэрэг болгоход орон нутгийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчид, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдөр эхлүүлж буй “Боловсрол хөгжлийн төв” ч Ханбогдын ирээдүйн хөгжилд оруулж буй чухал хөрөнгө оруулалт юм гэдгийг онцоллоо.
Ханбогд сум өргөжин тэлэхийн хэрээр хүүхэд, залууст зориулсан боловсрол, хөгжлийн чанартай орчин бий болгох хэрэгцээ нэмэгдэж байна. “Боловсрол хөгжлийн төв” нь энэ хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж, хүүхэд, залуус чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, сурч мэдсэнээ туршиж, өөрийн сонирхол, авьяас чадвараа нээн хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!